НЭМЭЛТ 15:50 цаг.
ГХЯ: Монгол Улсын 32 иргэн өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Чанлинь тосгонд очсон бөгөөд ажиллах нөхцөл байдал хүнд гэсэн шалтгааны улмаас ихэнх нь дээрх тосгоноос явсан байна.
Одоогоор найман иргэн гадаад паспортоо хураалгасны улмаас явж чадахгүй байгаа гэдгээ мэдэгдэж Бээжинд суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэстэй холбогдсон бөгөөд Консулын хэлтсээс иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу ажил олгогч болон бусад байгууллагатай холбогдон ажиллаж байна.
Хятад болон бусад улсад өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч зарын дагуу, албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, гадаадын улсад хөдөлмөр эрхлэхээр зорчиж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг иргэддээ анхааруулж байна.
Нэгэн иргэн цахим хуудастаа хоёр цагийн шууд дамжуулалт хийж "Хятадад аюулд орсон 33 монгол хүнд яаралтай тусламж хэрэгтэй байна" гэдгийг мэдэгдсэн. Улмаар тухайн бичлэг баримт нотолгоотой бөгөөд хүнд нөхцөлд орсон хүмүүстэй утсаар холбогдож, нөхцөл байдлыг харуулсан юм. Үүний дараагаар Гадаад харилцааны яам, Консулын хэлтэс тэдгээр хоригдсон, бичиг баримтаа хураалгасан иргэдтэй холбогдож туслахыг хүссэн.
Энэ мэдээллийн талаар Эрээн дэх Консулын газартай холбогдоход "Мэдээллийн дагуу тухайн хүмүүстэй холбогдож ажиллаж байна. Гадаад харилцааны яамны Консулын газарт дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлсэн. Тухайн хүмүүс Хэбэй мужийн бүсэд байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Бээжин дэх ЭСЯ-ны консулын хэлтэст мэдэгдсэн. Бусад мэдээллийг ГХЯ-наас авах боломжтой" гэх хариултыг өглөө.
5 САЯЫН ТӨМС ХУРААХ АЖИЛД ЯВААД ЗАЛИЛУУЛЖЭЭ
Цахим хуудаст мэдээлэл хийсэн иргэн хэлэхдээ "Тодорхой бус байгууллагын зараар зуучлагдаж, өндөр цалинтай ажиллахаар Хятад руу явсан монгол иргэд барьцаанд орсон байна. Хятадын Шилийн гол аймаг руу төмс хураалтын таван сая төгрөгийн цалинтай ажил хийхээр явсан 32 хүн барьцаанд орсон. Цахим хуудсаар зуучлагдаж холбогдсон хүмүүс наймдугаар сарын 6-нд очиж, нийт 31 хүн хохироод байна.
Нийт найман хүн нь гадаад паспортоо хураалгаж, барьцаад орж, дарамтад орсон байна.
31 хүнийг айлган сүрдүүлж, сүлжээгүй газар хорьсон байна. Тиймээс ГХЯ, Консулын газар яаралтай холбогдож, арга хэмжээ авна уу" гэсэн юм.
Консулын хэлтэст мэдээлэл өнөөдөр очсон бөгөөд цахим хуудаснаас энэ үйл явдлын талаарх мэдээллийг авсан байна. Эхний ээлжид хүмүүстэй холбогдсон бөгөөд ГХЯ, Консулын хэлтэс ажиллаж байна гэлээ.
Холбоотой мэдээ