Хавайн түймэрт нэрвэгдсэн барилга байгууламжийг самнах ажил үргэлжилсээр байна. Амиа алдагсдын тоо 96 хүрсэн бөгөөд эцсийн тоог гаргахад 10 хүртэл хоног шаардагдах аж. Харин сураггүй алга болсон 1300 орчим хүн байна. Эрэн хайх, аврах ажиллагааны багийнхан өдөрт 10-20 хохирогч олох магадлалтай байна.
12 мянга орчим хүн амтай Лахайна хот бараг бүхэлдээ сүйрчээ. Албаныхан Бямба гаригийн байдлаар тус хотын дөнгөж гурван хувьд нь л нэгжлэг хийгээд байна. Бүрэн нэгжлэг хийж дуусахын тулд дор хаяж найман км/кв талбайг самнах ёстой.
Эрэн хайх, аврах багт 10 нохой ажиллаж байна. Гэвч нохойнуудын ажиллах хугацаа агаарын хэмээс хамаарах аж. Хайлт хооронд ноходыг байнга амраах, усаар норгох шаардлагатай байдаг.
Сураггүй алга болсон хүний тоог өнгөрсөн долоо хоногт 2000 гэж тодорхойлж байсан. Харин гар утасны сүлжээ сэргэснээр хүмүүс хоорондоо дахин холбогдож, энэ тоо 1300 болж буурчээ. Сураггүй болсон хүмүүсийг эрж хайх ажилд туслахын тулд гэр бүлийнхнээс нь ДНХ-ийн дээж цуглуулахыг уриалсан байна. Мөн шарилын үлдэгдэл сэргээх, олж тогтоох ажил үргэлжилсээр байгаа тул хүмүүсийг хот руу орох гэж яарахгүй байхыг уриалав.
Мауи мужийн албаныхны мэдээлснээр Лахайна хот одоо ч шатсаар байна. Гэхдээ гал түймрийн 85 орчим хувийг унтрааж чаджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ