ОХУ-аас Энэтхэгт "S-400" зенитийн системийг захиалгын дагуу тохиролцсон хугацаанд нийлүүлнэ гэж Москвагийн батлан хамгаалахын экспорт хариуцсан ахлах ажилтан хэлжээ.
"S-400 Триумф зенитийн системийн үйлдвэрлэл хуваарийн дагуу явагдаж байна. Нийлүүлэлтийг тохирсон хугацаандаа багтаж дуусгах төлөвтэй байна" гэж ОХУ-ын Цэрэг техникийн хамтын ажиллагааны албаны дарга Дмитрий Шугаев хэлжээ.
Энэтхэг улс 2018 онд 5.4 тэрбум ам.доллараар "S-400" Триумф зенитийн систем худалдаж авсан. Эндээс гурав нь хэдийнэ Энэтхэгт хүрсэн бол хоёр нь хүлээгдэж байна. Интерфакс агентлагаас мэдээлснээр нийлүүлэлтийг 2024 оны эцэс гэхэд дуусгах ёстой аж.
Энэтхэг нь зэвсэг импортлолтоороо дэлхийд нэгдүгээрт ордог орон. Тэр дундаа Оросын технологийг армидаа голчлон хэрэглэдэг. Гэвч Украин дахь дайнтай холбоотойгоор Оросоос авах зэвсэг, техникийн хүргэлт удаашрах вий гэж Энэтхэгийн албаныхан санаа зовж байна. Дайнаас үүдэлтэйгээр ОХУ-ын нийлүүлэлт хүлээгдэж байгааг Энэтхэгийн Агаарын хүчин гуравдугаар сард мэдэгдэж байв. Тиймээс тус улс импортоо төрөлжүүлж, эх орондоо үйлдвэрлэсэн техник хэрэгсэл ашиглахыг эрмэлзэх болжээ. Энэ хүрээнд Францаас байлдааны онгоц, Израйлиас дрон, АНУ-аас тийрэлтэт хөдөлгүүр худалдаж авах болсон.
Стокгольмын Энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгийн мэдээлснээр, 2017 оноос хойш Энэтхэгийн зэвсгийн импортод зарцуулсан 18.3 тэрбум ам.долларын 8.5 тэрбумыг Орос улс эзэлж байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ