Украин дахь дайн эхэлснээс хойш рублийн ханш өчигдөр /2023.08.14/ хамгийн доод түвшиндээ хүрч, нэг центээс доош унажээ. Дайн эхэлсний дараахан рублийн ханш богино хугацаанд унаж, нэг ам.доллартай харьцах ханш нь 120 болсон. Энэхүү түүхэн доод түвшний дараа рублийн ханш дахин сэргэж, 2015 оноос хойших хамгийн дээд цэгтээ хүрсэн байна. Тухайн үедээ энэ нь Оросын эдийн засаг аливааг тэсвэрлэх хангалттай хүчтэй гэдгийг илтгэж байв. Мөн Кремлийн хувьд чухал PR ялалтыг өгсөн юм.
Валютыг хурдан тогтворжуулж, хөрөнгийн хяналтыг бий болгон, хамгийн хүнд хэцүү үед санхүүгийн системийг ухаалаг удирдан чиглүүлсэн гэж ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина алдаршсан. Гэтэл энэ он гарснаас хойш рублийн ам.доллартай харьцах ханшийн дөрөвний нэг орчим хувийг алдсан байна. Путины гол холбоотон, Оросын төрийн телевизийн ажилтан Владимир Соловьев өнгөрсөн долоо хоногт ханшийн уналтад эгдүүцсэн мэдэгдэл хийж, юу болоод байгааг тайлбарлахыг Набиуллинагаас шаарджээ.
Төв банкнаас ханшийн уналттай холбоотойгоор энэ оны үлдсэн хугацаанд дотоодын зах зээлээс гадаад валют худалдан авахыг зогсоох шийдвэр гаргасан байна.
"Рублийн ханшийг 2022 онд хурдтай тогтворжуулж чадсан ч энэ нь урт хугацаандаа сөрөг дагавартай" гэдгийг Германы Олон улс болон аюулгүй байдлын хүрээлэнгийн ахлах ажилтан Янис Клюге хэллээ.
Эх сурвалж: FORTUNE
Холбоотой мэдээ