Аймгууд аварга адуучин шалгаруулах тэмцээнийг энэ сарын 10-наас зохиож эхэлсэн бөгөөд маргааш, нөгөөдөр /2023.08.16-17/ Төв аймгийнх, ирэх долоо хоногт мөн хэд хэдэн аймгийнх болох юм.
"Адуучин 2023" аймгийн аварга шалгаруулах тэмцээний Увс, Хэнтий, Булган, Говь-Алтай, Архангай аймагт болсон бөгөөд тэргүүн, дэд, тусгай байрыг шалгаруулж, шагнасан байна.
Тэмцээн нийт дөрвөн төрлөөр явагддаг бөгөөд уурга шүүрэх, морьтой уургалах, явган уургалах, эмнэг сургах төрөлд оноогоор тэргүүлсэн адуучинг шалгаруулдаг аж.
Хамгийн сүүлд Хэнтий аймгийн 2023 оны аймгийн аварга шалгаруулах адуучин тэмцээн болсон бөгөөд:
Тэргүүн байр: 2014 оны Монгол улсын аварга адуучин Хишигбаатарын Бат-Эрдэнэ бүх төрөлтөө төгс, зай өгөлгүй түрүүллээ.
2-р байр: Дэлгэрхаан сумын Аймгийн аварга адуучин Мөнхгэрэлийн Болдсүх.
3-р байр: Тахилагт тосгоны Сумын аваргын 2-р байрын шагналт Жаргалсайханы Бямбасүх
4-р байр: Биндэр сумын аймгийн аварга адуучин Цогтбаярын Сумъяа
5-р байр: Мөрөн сумын сумын аваргын 2-р байрын шагналт Дугарсүрэнгийн Цолмонбаатар
Тус тэмцээний хураамж 100 мянган төгрөг бөгөөд хасагдах журмаар явагдаж, оноогоор тэргүүлсэн адуучид аймгийнхаа аварга адуучин болох юм.
Адуучин тэмцээний зорилго нь үндэсний өв соёл, ёс заншлаа хадгалан хамгаалж хөгжүүлэх, монгол түмний хайрлан хамгаалдаг морийг хайрлан хамгаалах, эртнээс уламжлан ирсэн тэмцээнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад хувь нэмэр оруулж, адуучин залуусын авахаалж самбааг шалгах, уран уургач бугуйлчдынхаа ур ухааныг залуустаа өвлүүлэн үлдээхэд оршино.