Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу өчигдөр /2023.08.14/ ОХУ, Беларусь дахь зургаан өдрийн айлчлалаа эхлүүллээ. Энэ нь Украин дахь дайнтай холбоотойгоор тусгаарлагдаад буй хоёр улсад дэмжлэгээ илэрхийлэх зорилготой айлчлал юм. Ли Шанфу энэ айлчлалынхаа үеэр Москва дахь Олон улсын аюулгүй байдлын бага хуралд оролцож, ОХУ болон бусад орны Батлан хамгаалахын удирдах албан тушаалтнуудтай уулзана. Нийт 100 орчим орон, олон улсын найман байгууллагын төлөөлөгчид бага хуралд уригджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус бага хурлаар "Дэлхийн олонх улс орнууд шинэ хэлбэрийн олон талт холбоог бэхжүүлэх замаар барууны механизмаас гадуурх хөгжлийн арга замыг эрэлхийлж байна" сэдэвт илтгэл тавина.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинээс айлчлалын талаар асуухад "Хятад, Оросын удирдагчид янз бүрийн арга замаар стратегийн харилцаагаа хадгалсаар ирсэн. Хоёр тал хамтын ажиллагаа зэрэг өргөн сэдвээр дээд түвшинд санал солилцож байсан. Шинэ эринд ч бас иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа хөгжүүлсээр байх болно" гэжээ.
Ли Шанфу ийнхүү Москва дахь Олон улсын аюулгүй байдлын бага хуралд оролцсон нь хоёр улс эдийн засаг болоод нэр хүндийн хувьд хохиролтой ч барууныхны тэргүүлсэн либерал-ардчилсан дэг журмыг эвдэхийн тулд гадаад бодлогоо уялдуулах эрмэлзэлтэй байгааг илэрхийлнэ.
Беларусьд айлчлахдаа тэр тус улсын төрийн болон цэргийн удирдлагуудтай уулзаж, цэргийн байгууламжуудаар зочилно.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ