Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.
–Инфляц долдугаар сард 9.2 хувьтай гарлаа. Өөрөөр хэлбэл, нэг оронтой тоо руу шилжлээ. Инфляц буурахад нөлөөлсөн гол үзүүлэлтүүд юу байв?
-Үнийн өсөлтийг дотор нь хэлбэлзэл өндөртэй байдаг шатахуун, дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа учраас бидний хэлдгээр суурь инфляц буюу хэрэглээний үнийн индекс 10 орчим хувиас буурсан байна. Гэвч айхтар буураад байгаа зүйл ажиглагдахгүй байна. Хэдхэн сарын өмнө төсвийн тодотгол хийж тэтгэвэр, цалин ойролцоогоор 1.8 их наяд төгрөгөөр нэмсэн. Шинээр өртөг нэмэлгүй их хэмжээний мөнгө зах зээлд нийлүүлсэн учраас инфляц өсөх ёстой. Үүнийг Үндэсний Статистикийн Хорооны мэдээ биш ард иргэдийн худалдан авалт тодорхойлж байгаа. Өргөн хэрэглээний үнэ галзуурч байгааг иргэн бүр худалдан авалтаараа мэдэрч байх учиртай. Мах, сүү, гурил гэхэд 2016 онтой харьцуулахад гурав дахин өсчихөөд байна. Инфляц хоёр оронтой тоонд бүтэн хоёр жилийн хугацаанд эргэлдэж байна.
-Гэхлээ өргөн хэрэглээний үнэ өндөр хэвээр байна. Шалтгаан нь юу вэ?
-Уг нь Стастикийн байгууллага үнэн зөв мэдээ гаргаж түүнд үндэслэн УИХ-аас зөв зүйтэй бодлого хэрэгжүүлэх ёстой юм. Харамсалтай нь энэ байгууллага эрх баригчдын хүссэн мэдээг нийтэд хүргэдэг бодит мэдээллээс ихээхэн хол байгууллага болж хувирчээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ асар хурдацтай өсөж байхад Статистикийн Үндэсний Хороо нь инфляц буурч байна гэсэн мессеж бичээд сууж байгаа нь дэндүү өрөвдөлтэй юм даа.
– Хүүхдүүдийн сургууль цэцэрлэг орох үе болоод намрын их ажлын үеэр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Нэг оронтой тоонд хүрсэн инфляц цаашид хэр удаан хадгалагдах бол?
Хамгийн гол нь үнэн зөв мэдээ гаргадаг байгууллагатай болох ёстой. 2016 онд М2 буюу зах зээлд эргэлдэж буй мөнгөний нийт хэмжээ 11 их наяд орчимд хэлбэлзэж байсан бол өнөөдөр 30 их наяд төгрөг даваад явж байна. Харин ДНБ-ийг валютаар тооцвол 15 тэрбум орчимд сүүлийн арваад жил эргэлдэж байгаа. Тэгэхээр үнэ 3 дахин өсч таарна. Статистикийн байгууллага юу гэж бурах нь сонин биш. Инфляц цаашид ч өснө. Иргэд үнийн өсөлттэй өдөр тутам нүүр тулж байгаа.
–Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан. Харамсалтай нь үр дүн төдийлөн сайн байсангүй. Энэ өвөл 177.5 тэрбум төгрөгөөр коксжсон нүүрс авахаар боллоо. Энэ шийдвэрийг хэрхэн харж байна?
-Арай л дэндэж байна. Хэрэв хүмүүс анзаарсан бол өнгөрсөн жил утааны үнэр өмнөх жилүүдээсээ тэс өөр байсан. Өнгөрсөн жил Хятадаас коксжих нүүрс орж ирсэн гэж би сонссон. Эрх баригчид үүнийгээ тас нуусан. Худалдагдсан хэвлэл мэдээллийнхэн дүлий дүмбэ царайлж байна. Хэрэв Гаалийн Ерөнхий Газраас гаргадаг импортын мэдээллийг ухвал тодорхой зүйл харагдах болов уу. Энэ жил л Эрчим хүчний сайд нийтэд илээр хэлж олны анхаарлыг татах шиг боллоо. Эрх баригч хэн нэгний бизнесийг Б.Чойжилсүрэн сайд илчилсэн байх гэж бодож байна.
-Монгол Улс БНХАУ–руу нүүрс экспортлодог. Эргээд хагас боловсруулсан нүүрс өндөр үнээр авах нь хэр зохилтой вэ?
-Ийм бодлого гэж юу байхав. Хятадын бүтэн жилд импортоор авдаг 80 орчим сая коксжих нүүрсний дийлэнхийг манай улс нийлүүлдэг. Эргүүлээд худалдаж авна гэдгийг би лав ойлгохгүй юм байна. Эрх баригчид дэндүү даварч байгаа бодит нэгэн жишээ юм даа. Нийт иргэдийнхээ зовлон дээр мөнгө хийнэ гэдэг ардчилсан нийгэмд байж боломгүй асуудал.
Холбоотой мэдээ