АЙЛЧЛАЛ: Үндэсний эрх ашиг+ГАДААД БОДЛОГЫН ТЭНЦВЭР

Хуучирсан мэдээ: 2023.08.15-нд нийтлэгдсэн

АЙЛЧЛАЛ: Үндэсний эрх ашиг+ГАДААД БОДЛОГЫН ТЭНЦВЭР

АЙЛЧЛАЛ: Үндэсний эрх ашиг+ГАДААД БОДЛОГЫН ТЭНЦВЭР

Украины эсрэг явуулсан Оросын түрэмгийлэл дэлхийн улс төрийн харилцааны хэм, хэмжээг өөрчилж, жижиг буурай орнууд ч олон улсын асуудалд “оролцоотой” болж хувирсны нэг нь төв Азийн Монгол. БНХАУ-ын ар нуруунд, ОХУ-ын бөөрөнд оршдог стратегийн ач холбогдол бүхий байршил нь Монголыг нэг талаасаа айлгаж, нөгөө талаасаа дэлхийн анхаарлын төв цэг болгож байна.

Хойдох Царь монголчуудын ах биш. Урдах Хуанди Монголын дайсан бүр биш. Америк бидний авралын бурхан бас биш. Авчиг туурга тусгаар улсын хувиар аль, алинтай нь Монгол Улс стратегийн хувиар түншилдэг, харилцаа хамтын ажиллагаатай.

Өдгөө дэлхий дахинд үнэт зүйлийн, эрх мэдлийн, эрчим хүчний хуваагдал нүүрлэж, улс орнууд, олон туйлт шинэ дэг журамтай нүүр тулж байна. Их гүрнүүдийн сөргөлдөөн, технологийн  төлөөх тэмцэлд Монгол тэсч үлдэх ёстой. Харин яаж вэ?. Оросуудад бялдуучилж, Хятадад бөхөлзөж, АНУ-ыг аялдан дагах биш бүгдийн тэнцвэрийг хангах нь манай гадаад харилцааны үзэл баримтлал билээ. Үндэсний эрх ашиг+гадаад бодлогын тэнцвэр+ардчилал… Энэ бол Монголын хар хайрцагны бодлого юм. Энгийнээр хэлбэл, “улааныг харж урваж, шарыг харж шарвахгүй” л гэсэн үг.

Газрын доорх баялгаа хэнтэй хамтран эзэмшихээс эхлээд их гүрнүүдийн зөрчлийг яаж эдийн засгийн боломж болгох нь өнөөгийн эрх баригчдын арга заль, арга тактикаас шалтгаална. Энэ утгаараа АНУ-тай бодит эдийн засгийн хамтын ажиллагаа байгуулснаараа хоёр хөршид том ДОХИО өглөө. Товчхондоо бол Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлал гео эдийн засаг+ геополитикийн том агуулгатай  айлчлал боллоо.

Нэн ялангуяа  Монголыг барууны нөлөөллөөс холдуулах, улмаар биднийг дотоодын хөрш байлгах санаархлаа ил далд, энд тэнд илэрхийлэх болсон оросуудын эсрэг тусгаар тогтносон Монгол Улсын асуудлыг аль нэг улсын прокурор аль нэг улсад очоод ярьдаггүй юм гэдгийг харуулсан нь айлчлалын гол утга учир юм.

Эдийн засгийн хувьд мөнхийн сүүдэртээ байлгах сонирхолтой мөнхийн хоёр хөршийн зүгээс илтэд реакци үзүүлээгүй ч Вашигтонд  Монголын Ерөнхий сайд хэнтэй уулзаж, ямар асуудал ярилцаж, тохирохыг монголчуудаас ч илүү хойд, урд хоёр хөрш чих тавьж суусан нь лав.

Хойд хөршийн Тасс агентлаг “…Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харристай болон Вашингтоны засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Монгол НАСА-тай хамтран ажилласнаар урт хугацааны ажиглалт болон сансрын технологийг хослуулан, гамшгийн урьдчилсан мэдээ хүлээн авалтыг сайжруулах боломжтой болно” гэж цагаан мэдээ цацсан ч цаанаа бол энэхүү үйл явдлыг анхааралтай ажиглаж байсан нь гарцаагүй.  Монгол Хятадын, Оросын, АНУ-ын хувьд геополитикийн тулгуур цэг тул.

Л.Оюун-Эрдэнэ Монголын Ерөнхий сайдын хувиар АНУ-д айлчлах үеэрээ хүний улсын асуудлыг /Х.Баттулга 2019 онд АНУ-д айлчлахдаа Д.Трампаас Сибирийн түймрийг унтраахад туслахыг гуйсан байдаг/ ярьсангүй, өөрийнхөө улсын ашиг сонирхлыг нэгд тавьж, тэр чиглэлээр ярилцаж, тохироод ирлээ. Тиймээс ч Ерөнхий сайдын айлчлалыг дагалдаж явсан парламентын ганц гишүүн,  сөрөг хүчний төлөөлөгч Д.Пүрэвдорж энэхүү айлчлалд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа нуугаагүй юм.

Хэдийгээр дотоодоо “хонь, чоно”, манай танай болж улстөрждөг ч монголчууд гадагшаагаа нэг амтай, нэгдмэл байр суурьтай байх ёстой. Ардчилсан намын Монгол, Ардын намын Монгол гэж дэлхий дээр байхгүй, цор ганц Монгол Улс л бий.

Дэлхийн үнэт зүйлсээрээ хуваагдаж болох ч жижигхэн Монгол дотроо хуваагдаж болохгүйн бодит жишээ нь Орос, Украины дайн.  Орос, Хятад, АНУ аль нь ч манай асуудлыг улсынхаа эрх ашгаас илүүд тавихгүй нь мэдээжийн хэрэг юм. Тэдэнд ч эрх ашиг, бидэнд ч өөрсдийн ашиг сонирхол бий. Монголын ардчиллыг, Монголын эрх ашгийг хамгаалах  үүрэгтэй хүмүүс нь монголчууд бид өөрсдөө.

Монголын парламент өнгөрсөн хаврын чуулганаар Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоогоо прпорциональ болгосноос гадна гишүүдийнхээ тоог нэмсэн нь  ардчиллаа хамгаалж, их гүрнүүдийн сөргөлдөөнд амьд үлдэх арга тактик нь байлаа.  Нэг гишүүний кнопны эрх мэдэл буурснаар төрд бугласан олон асуудал, авлига, цэгцэрнэ гэсэн итгэл Монголын эрх баригчдад байна. Нөгөө талдаа сонгуулийн тогтолцоог холимог болгосноор парламентад улс төрийн намуудын оролцоо сайжирна гэсэн хүлээлттэй байгаа юм.

Монгол нь хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай орон. Харин АНУ нь Ерөнхийлөгчийн засаглалтай. Гэсэн хэдий ч олон нийтийн хяналт өндөр, шүүх засаглал нь Үндсэн хуулиа мөрдөж ажилладаг, ёс суртахууны хэм, хэмжээнд захирагддаг,  иргэд нь эрх, үүргээ чанд мөрддөг нь  ардчиллынх нь амин сүнс аж. Ардчилал бол бүх хүнд тэгш боломж олгодог нь үнэн. Энэ нь бүх хүнийг тэгш амьдруулах ёстой гэсэн үг бүр биш. Ардчилсан нийгэмд чи яаж амьдрах нь чиний эрх. Гагцхүү хуульд захирагдаж, бусдын эрхэнд халдахгүй байх үүрэгтэй.

Америкийн ардчилалд ч зовлон бий, Монголын ардчилалд ч асуудал байгаа. Гэхдээ дэлхий дээр ардчиллаас өөр засаглалын сайн загварыг улс орнууд одоогоор “олоогүй”. Тиймээс  сайнтай, муутай, алдаатай, оноотой ч Монголд ардчиллаас өөр засаглалын “загвар” тохирохгүй. ЗХУ-ын де-юре улс явсан, Москвагаас Монголыг удирдаж асан гашуун түүх бидэнд бий. Тэр түүхийг ахиад давтаж болохгүй.

Америкт хууль зөрчөөгүй бол төр нь иргэдийнхээ эрхэнд халддаггүй. Харамсалтай нь, Монголд шүүх засаглал нь томилсон хүндээ үйлчилдэг, олон нийтийн хяналт багатай, эрх мэдэлтнүүд нь авлигад автсан,  нийгэм нь ёс суртахуунаар өлдсөн, төр нь иргэдийнхээ эрхэнд халдах нь энүүхэнд. Иргэд нь эрхээ мэдэхээс  үүргээ мөрддөггүй. Америк, Монголын ардчиллын,  үнэт зүйлийн ялгаа нь энэ.  Ардчилал гэдэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхийн нэр огтоос биш ажээ.

Газарзүйн байршлаас гадна  газрын доорх баялаг маань их гүрнүүдийн ашиг сонирхлыг үргэлж өдөөж ирсэн. Ээлж дараалан Монголд ирсэн Польш, Франц, Киргиз улсын ерөнхийлөгч нар бидэнд геополитикийн болоод геоэдийн засгаар түншлэх хүсэл сонирхлоо илэрхийлээд буцсан нь саяхан. Ирэх сард Ромын пап Монголд саатах агаад шашны хувьд ч Монгол энх тайвны бэлгэ тэмдэг болж байна.

Иймээс  дэлхийн геополитик, геоэдийн өрсөлдөөн дунд хэр мэдрэмжтэй тоглохоос бидний хувь заяа шийдэгдэх юм. Их гүрнүүдийн шинэ сөргөлдөөнөөс хождоггүй юм аа гэхэд ядаж хохирол багатай л үлдэх хэрэгтэй! Тэр нь ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ+ТЭНЦВЭР.

Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
15
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж