Цагаан будааны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Хятад улс аадар бороо, үерийн гамшигтай тэмцэж байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн цагаан будааны зах зээл улам хүндэрч болзошгүй болов. Хятадын зүүн хойд нутагт их хэмжээний бороо орсноор ургац буурч байгаа нь дэлхийн цагаан будааны үнийн өсөлтөд нөлөөлнө гэдгийг “Fitch Ratings” саяхан тайлагнажээ.
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон сүүлийн долоо хоногт үерийн гамшигт автсан. Доксури хар салхи нь Хятадын хойд хэсэгт сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн хүчтэй шуурганы нэг байв. Хар салхины улмаас Бээжин хотод сүүлийн 140 жилд үзэгдээгүй хүчтэй аадар бороо орсон билээ.
Хятадын цагаан будааны үйлдвэрлэлийн 23 хувийг бүрдүүлдэг Өвөрмонгол, Жилин, Хармөрөн гэсэн гурван бүс нутагт үерийн аюулын эрсдэл улам нэмэгдсэнийг тайланд онцолсон байна. Эдгээр гурван бүс нь аадар бороо болон Доксури хар салхинд нэрвэгдсэнээс гадна хойд зүг рүү чиглэж буй Ханун хар салхины нөлөөнд дахин автах гэж байгаа аж. Дээрх нөлөөллүүдийн улмаас тухайн жилийн ургац буурна гэж тайланд дурдсан ч тодорхой хэмжээ заагаагүй байна. Өвөрмонгол, Жилин, Хармөрөн орчмын бүс нутагт цагаан будаанаас гадна эрдэнэшиш, шар буурцагийн тариалалт ч үерт нэрвэгдэх эрсдэлтэй болжээ.
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын цагаан будааны үнийн индексийн мэдээллийг харвал дэлхийн зах зээл дэх цагаан будааны үнэ сүүлийн 12 жилийн хамгийн дээд цэгтээ хүрчээ.
Дайны хажуугаар дажин гэгчээр Энэтхэг улс өнгөрсөн сард басмати бус цагаан будааны экспортыг хориглов. Мөн Тайланд улсад хур тунадас бага байгаа учир ус хэмнэхийн тулд бага будаа тариалахыг тариаланчдад уриалжээ. Энэ мэт хүчин зүйлээс шалтгаалаад цагаан будааны үнэ өснө гэж ажиглагчид таамаглаж байна.
Энэтхэг улс нь дэлхийн цагаан будааны худалдааны 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. 15 жилийн өмнө энэ үзүүлэлт 22 хувь байжээ. Тиймээс энэ удаад нийлүүлэлт болон үнэд үзүүлэх нөлөөлөл нь илүү хүчтэй байж магадгүй аж.
Энэтхэг улс өнгөрсөн жил ч бас цагаан будааны экспортдоо хязгаарлалт тавьсан. Гэхдээ энэ нь чанар муутай будааны нийлүүлэлтийг хязгаарлах шийдвэр байв.
Тус улс дотоодын хүнсний үнийн өсөлттэй тэмцэх хүчин чармайлтын хүрээнд өнгөрсөн сарын 20-ны өдөр басмати бус цагаан будааны экспортыг хоригложээ. Энэхүү экспортын хориг нь дэлхийн хүнсний инфляцийг хөөргөдөж, Ази, Африкийн ядуу буурай орны хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Бусад экспортлогч ч бас Энэтхэгийн жишигээр ижил төстэй хязгаарлалтыг хэрэгжүүлж магадгүй юм.
Басмати бус цагаан будааны тэргүүлэгч импортлогчдын тоонд Филиппин, Хятад, Сенегал, Нигери, Өмнөд Африк, Малайз, Бангладеш багтдаг.
Энэтхэгийн цагаан будааны хомсдолоос үүдэлтэйгээр Тайланд, Вьетнам улсууд тоглоомоо эрчимжүүлж магадгүй гэж шинжээчид үзэв. Учир нь Энэтхэгийн хоригийн дараа дэлхийн хоёр, гурав, дөрөв дэх том экспортлогч Тайланд, Вьетнам, Пакистаны цагаан будааны эрэлт нэмэгджээ. Тиймээс тэд борлуулалтаа нэмэгдүүлэх сонирхолтой байна. Экспортын өсөлтөөс болж дотоодын хэрэглэгчдээ хохироохгүй гэдгээ Тайланд, Вьетнам улсууд онцлон тэмдэглэжээ.
Пакистан улсын хувьд өнгөрсөн онд үерийн гамшигт нэрвэгдсэн. Тус улс энэ онд 4.5-5 сая тонн цагаан будаа экспортлох боломжтой гэдгийг Цагаан будаа экспортлогчдын холбооноос мэдэгджээ.
Энэтхэг, Вьетнам, Бангладеш, Египет, Бразил болон бусад жижиг үйлдвэрлэгч орон экспортоо хязгаарласнаар 2008 онд цагаан будааны үнэ нэг тонн нь 1000 ам.доллараас давж, дээд амжилт тогтоож байжээ. 2008 оны хямрал энэ онд дахин давтагдаж магадгүй гэж болгоомжилж байна. Энэтхэгийг хориг тавьснаас хойш дэлхийн цагаан будааны үнэ 20 орчим хувиар өсчээ. Цаашид Тайланд, Вьетнамтай холбоотойгоор 15 хувиар өсч магадгүй аж.
“Хур тунадас сайн орвол Энэтхэг улс экспортын хоригоо буцаах боломж бүрдэнэ. Энэтхэгийн нийлүүлэлт л дэлхийн цагаан будааны зах зээлийн тэнцвэрийг сэргээж чадна” гэж Энэтхэгийн Цагаан будаа экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Б.В.Кришна Рао хэллээ.
Эх сурвалж: CNBC, REUTERS
Холбоотой мэдээ