Газрын ховор элементийн геополитик ба Монгол

Хуучирсан мэдээ: 2023.08.15-нд нийтлэгдсэн

Газрын ховор элементийн геополитик ба Монгол

Газрын ховор элементийн геополитик ба Монгол

Байгалийн баялаг, тэр дундаа зэс, газрын ховор элементийн арвин нөөцтэй Монгол Улс нь хоёр хүчирхэг гүрэнтэй хил залган оршдог бөгөөд гуравдагч хөрш АНУ-ыг түшиглэх болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Вашингтонд хийсэн айлчлалаараа чухал ач холбогдолтой ашигт малтмалын салбар, тэр дундаа газрын ховор элементийн уурхайн хамтын ажиллагааг сайжруулах зорьжээ. Түүнчлэн шууд худалдааг дэмжих зорилгоор “Нээлттэй тэнгэр” нисэхийн хэлэлцээрийг Монгол, АНУ-ын хооронд байгуулав.

Хэрэв эдгээр гэрээнүүд хэрэгжиж, ховор металлыг Монголоос АНУ руу тээвэрлэх юм бол Бээжин-Вашингтоны стратегийн өрсөлдөөнд ямар нөлөө үзүүлэх вэ? 

ХОРИГЛОХ СТРАТЕГИ

Хятад-АНУ харилцаа нь хүйтэн дайн дууссанаас хойшхи дэлхийн хамгийн чухал хоёр талын динамик байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд  худалдаа, технологийн салбараас эхлээд ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг хянахын төлөөх өрсөлдөөн нь хоёр орны хамтын ажиллагаанаас давж гарсан. Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ нь хоорондоо уялдаа холбоотой хоёр хүчин зүйлийн нөлөөгөөр хөгжсөн. Тодруулбал, мэдээлэл, харилцаа холбоо, технологи болон хил дамнасан ложистикийн  хөгжил дэвшил, нөгөө талаар Дэлхийн худалдааны байгууллага зэрэг институцийн саад бэрхшээлийг бууруулсан зэрэг нь нийлүүлэлтийн сүлжээнд чухал нөлөө үзүүлсэн. Үүний үр дүнд нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежмент нь аж ахуйн нэгжүүд болон үндэсний эдийн засгийн аль алиных нь үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг багасгах, хөрөнгийн болон мэдээллийн тасралтгүй урсгалыг оновчтой болгоход чухал ач холбогдолтой болсон.

Гэвч энэ нь өрсөлдөөний давуу талаа харгалзан сонгосон ханган нийлүүлэгчдээс бүрдсэн олон давхаргат массиваар бүрэлдэж, улам бүр төвөгтэй болж хөгжихийн хэрээр гадны нөлөөнд илүү өртөмтгий болдог.  Тодруулбал, байгалийн гамшиг, тахал өвчин, геополитикийн урьдчилан таамаглах боломжгүй өөрчлөлтүүд  нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлдөг. Тухайлбал, Хятад-АНУ хооронд  технологийн дайн, Украинд дайн эхлүүлсний дараа ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь өнөөгийн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдлыг харуулсан.

Геополитикийн тогтворгүй орчны нөхцөлд нийлүүлэлтийн сүлжээн дэх зарим саад тотгорыг болзошгүй эмзэг байдал гэж үздэг. Хориглох стратеги нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний чухал.

Бизнесүүд эдийн засгийн өндөр ашиг олж авахын тулд монополь эрх мэдлийг эзэмшиж болох ч улс орнууд үүнийг улс төрийн зорилгоор хөгжүүлдэг.

Стратегийн саад тотгорыг бий болгохын тулд монополь байгуулахаас гадна өөр, илүү түрэмгий стратеги байдаг нь өрсөлдөгчийнхөө чухал хангамжийг зориудаар тасалдуулах юм. АНУ, БНХАУ-ын хоорондох өрсөлдөөнд хоёр улс нэг, нэгнээ хориглох, хязгаарлах стратегийг ашиглаж байна.  

АНУ нь технологийн болон геополитикийн нөлөөг үзүүлэхийн тулд хагас дамжуулагч нийлүүлэлтийн сүлжээн дэх ноёрхлоо ашигласан. Энэхүү маневр нь Хятадын дэвшилтэт чип үйлдвэрлэх дэвшлийг үр дүнтэйгээр хязгаарладаг. Үүний хариуд Хятад улс өөрийн сөрөг арга хэмжээ, тэр дундаа чухал металлын экспортын хяналтыг хэрэгжүүлсэн. Эдгээр харилцан үйлдлүүд нь эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээг давж, хоёр гүрний хооронд эдийн засгийн дайны илүү өргөн хэлбэрийг илэрхийлж байна.

Эдгээр янз бүрийн хориг, хязгаарлах арга хэмжээнүүдийн дунд Хятад улс хүчирхэг хөзрийг атгадаг. Энэ нь газрын ховор элементийг ялгаж, цэвэршүүлэх үйл явц юм. Одоогийн байдлаар Хятад улс бол цахилгаан автомашинд ашигладаг цахилгаан мотор зэрэгт ашигладаг өндөр эрчим хүчний байнгын соронзыг тасралтгүй нийлүүлдэг цорын ганц ханган нийлүүлэгч юм. 

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ГЕОПОЛТИК

Орчин үеийн технологийн салбарт газрын ховор элемент нь олон чухал үүрэгтэй. Ялангуяа, цахилгаан машин, салхи, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүч болон холбогдох технологийн хурдацтай өсөлт нь газрын ховор элементийн эрэлтийг 2022 онд 37 хувиар нэмэгдүүлэхэд нөлөөлсөн бөгөөд энэ хандлага дор хаяж дараагийн таван жилд үргэлжлэх төлөвтэй байна.

Гэвч газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээ геополитикийн өрсөлдөөнд хэт автсан байна. Хятад улс газрын 17 ховор элементийн хамгийн их хэмжээний байгалийн нөөцтэй бөгөөд тус бүрийг цэвэршүүлэх, ялгах өвөрмөц чадварыг хөгжүүлсэн нь давуу тал болж байна.

Түүнчлэн 2012 оноос хойш Хятад улс нэмүү өртгийн сүлжээг ахиулах хүчин чармайлтаа эрчимжүүлсэн. Хятадын эрх баригчид ховор элементийн олборлолт, боловсруулалтыг төрийн өмчит үйлдвэрийн газруудад нэгтгэж, судалгааны гол төвүүдийг байгуулжээ.

Хэдийгээр АНУ, Японоос бараг 20 жилийн дараа патентчилж эхэлсэн ч 2020 он гэхэд газрын ховор элементтэй холбоотой патентын 80 гаруй хувийг Хятад эзэмшиж байна. Одоо Хятад улс ховор элементийн хамгийн том импортлогч, экспортлогч орон бөгөөд энэ нь соронз материалыг боловсронгуй болгох, ялгах, үйлдвэрлэх зэрэг ховор элементийн боловсруулалтын дийлэнх хэсгийг хянадаг гэсэн үг юм.

2023 оны эхний хагаст Хятад улс 90,920 тонн газрын ховор элементийн хүдэр, металын ихээхэн хувийг АНУ-аас импортолж, 26,236 тонн цэвэршүүлсэн газрын ховор элемент, тэр дундаа соронзон материал экспортолжээ. Онолын хувьд боломжтой ч Хятадын газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг салгах нь их хэмжээний зардал, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг тасалдуулж болзошгүй юм.

Зөвхөн газрын ховор элементээс гадна Хятад бол цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой олон чухал ашигт малтмалын тэргүүлэгч бөгөөд хамгийн хэмнэлттэй нийлүүлэгч юм.

Ашигт малтмалын олборлолт, боловсруулалттай холбоотой геополитикийн болон байгаль орчны эрсдэлийг харгалзан газрын ховор элементийн хангамжийн аюулгүй байдлын талаарх санаа зовнил улам бүр нэмэгдсээр байна. Улмаар Хятадын хоригт орохоос сэрэмжлэн барууны засгийн газрууд тоглоомын талбарыг тэнцвэржүүлэх аргыг идэвхтэй эрэлхийлж байна. Үүнд, уул уурхайн эх үүсвэрийг төрөлжүүлэх, Хятадын оролцооноос хамааралгүй барилга байгууламж барихыг эрэлхийлэх зэргийг нэрлэж болно.

АНУ тэргүүтэй барууны орнууд болон Хятадын геополитикийн өрсөлдөөний өмнө Монгол зэрэг олон орон нийлүүлэлтийн чухал сүлжээн дэх Хятад ноёрхлоос үүдэлтэй эрсдлийг бууруулахын тулд ардчилсан эвсэл рүү тэмүүлж байна. Хагас дамжуулагчийн эсрэг барууны экспортын хяналт, технологийн хориг арга хэмжээний хариуд Хятад улс харилцан арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэн. Жишээлбэл, Бээжин стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн бүтээгдэхүүн, тэр дундаа цэргийн зэвсгийн системийг үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг галли, германий хоёр ховор металлын экспортыг нарийн нягт нямбай, нухацтай авч үзсэний үндсэн дээр зогсоов. Түүгээр ч зогсохгүй  нисгэгчгүй онгоцны экспортын хяналтын бодлогыг саяхан нэвтрүүлж байгаа нь эдгээр арга хэмжээ улам бүр нэмэгдэж болзошгүйг харуулж байна.

Хятадын эсрэг авч буй арга хэмжээний хүрээнд  АНУ, Канадын компаниудтай хог хаягдлаас ховор металлыг дахин боловсруулж, галли, германий аль алиныг нь цэвэршүүлэх хамтын ажиллагааг Пентагон судалж байна. Цаашилбал, АНУ Хятадын технологийн салбарт Америкийн хөрөнгө оруулалтыг хязгаарлахаа зарласан.

Ийм нөхцөлд Монголын Ерөнхий сайд Вашингтонд айлчилж, газрын ховор элементийн хамтын ажиллагааны талаар ярилцсан нь АНУ-ын байр суурийг бэхжүүлж, энэ геополитикийн маргаан дахь хүчний тэнцвэрийг өөрчилнө гэж үзэж болно.

ХҮЧНИЙ ТЭНЦВЭРИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ

АНУ-Монголын газрын ховор элементийн түншлэл нь харилцан ашигтай байх болно. АНУ-ын хувьд энэ хамтын ажиллагаа нь газрын ховор элементийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд тустай. Нөгөө талд Монгол Улс нь дипломат харилцаагаа өргөжүүлж, АНУ-ын боломжит хөрөнгө оруулалтыг татсанаар эдийн засгийн өсөлтөд нь түлхэц болно. Гэвч энэхүү харилцан ашигтай түншлэлд зарим нэг саад тотгорууд бий. Нэгдүгээрт, 1-70 хувийн ислийн агууламжтай газрын ховор элементийг олборлох эдийн засгийн үр ашиг баталгаатай биш юм. Монголын газрын ховор элементийн нөөцийн чанар, олборлолт, боловсруулалтад шаардагдах хөрөнгө оруулалт тодорхойгүй байдал байна.

Хоёрдугаарт, байгаль орчинд ихээхэн хохирол учруулдаг ховор элементийн олборлолтод Монгол Улс дотоодын эсэргүүцэлтэй тулгарч магадгүй. Энэ үйл явц нь нийт өртгийн сүлжээгээрээ ихээхэн хэмжээний эрчим хүч, усны нөөцийг зарцуулж, янз бүрийн хог хаягдал, бохирдуулагч бодис, тухайлбал уурхайн хортой үлдэгдэл, хүнд металлаар дүүрсэн бохир ус, цацраг идэвхт хаягдал, нүүрстөрөгчийн давхар исэл, хүхрийн давхар исэл зэрэг агаарыг бохирдуулагч бодисыг бий болгодог. Хятад улсад үүний жишээ олон бий. Тухайлбал, ховор металлын хүнд ордууд бүхий Жянси мужийн байгаль орчин бүрэн сэргэхэд 50-100 жил шаардлагатайг нэгэн судалгаанд онцолсон. Энэхүү сэргээн босголтын тооцоолсон үнэ нь ойролцоогоор 38 тэрбум юань буюу 5.5 тэрбум доллартай тэнцэнэ.

Гуравдугаарт, хүнд машин механизмыг тээвэрлэх хангалттай зам, найдвартай цахилгаан эрчим хүч зэрэг чухал дэд бүтэц Монголд байхгүй нь бэрхшээлийг улам бүр нэмэгдүүлж байна.

Хачирхалтай нь, Монголын энэ байдлыг шийдвэрлэх хамгийн сайн найдвар нь Хятад юм. Хоёр улс хил дамнасан төмөр зам, худалдааны боомт, авто зам, хурдны зам зэрэг олон төрлийн дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллахаар тохиролцсон.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улс далайд гарцгүй тул дэлхийн худалдааны хамгийн ойрын буюу Хятадын боомтуудад хүрэх авто тээврээс хамааралтай. “Нээлттэй тэнгэр” нисэхийн гэрээ нь өөр хувилбар санал болгож байгаа ч ашигт малтмалын агаарын тээвэрлэлтийн өртөг нь эдийн засгийн үр ашгийг амархан үгүйсгэдэг. Нэмж дурдахад, нислэгийг үргэлжлүүлэхийн тулд тэдний агаарын орон зайг хөндлөн гарах ёстой тул хэлэлцээрийг хэрэгжүүлэх эсэх нь Хятад эсвэл Орос хоёрын зөвшөөрлөөс хамаарна.

Иймээс АНУ, Монгол хоёр улсын харилцааг бэхжүүлэх нь геополитикийн хувьд Хятадад ашиггүй байж болох ч Монголын тал эдийн засгийн прагматизмаас илүү бэлгэдлийн шинж чанартай юм шиг санагдаж байна. Энэхүү шилжилтийн сул тал нь Хятад, Монголын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Хятад улс нь Монголын ашигт малтмалын экспорт, тэр дундаа зэс, нүүрс экспортлох хамгийн чухал улс хэвээр байна. Хэрэв Монгол барууны зүг эрс хазайвал Монголын экспорт хязгаарлалттай тулгарч магадгүй.

ДҮГНЭЛТ

Хятад-АНУ-ын хооронд хурцадмал байдал даамжирч, бусад улс орнууд хоёр их гүрний аль нэгтэй нэгдэхийг шаардах дарамтыг байнга мэдэрдэг. Жижиг орнууд Хятад-АНУ-ын харилцаанд нөлөөлөхөд бага жинтэй байдаг. Л.Оюун-Эрдэнийн онцлон тэмдэглэснээр, хэрэв их гүрний өрсөлдөөн ширүүсвэл жижиг шиг улс орнууд ихээхэн хохирол амсах болно. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд цаг хугацаатай уралдан, хуваагдмал бус эв нэгдэл нь цаг үеийн шаардлага болоод байна.

ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж