Ардчилсан намын залуусын төлөөлөл өнөөдөр /2023.08.14/ байр, газраа авахыг шаардаж хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбат ярихдаа "Ардчилсан нам сүүлийн 10 жил сонгуульд ялагдав. Өнгөрсөн 2016, 2020 оны сонгуульд яагаад ялагдав. Өнөөдөр яг ямар байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тодорхойгүй байна. Та бүхэн мэдэж байгаа. Ардчилсан намын байр нь С.Зоригийн хөшөөтэй байр юм уу, Соёлын төв өргөөний байр уу, "Шонхор" таур юм уу гээд дөрөв таван байрны асуудал яригддаг. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд нэгдсэн мэдээлэл өгье. Манай нам 2012 оноор олуулаа болж, хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Тэгээд 2013 онд төв талбайн зүүн талд байрлах намынхаа байрыг шинэчлэн гэж худалдаж, буулгуулж байсан. Тэр цагаас хойш 10 жил өнгөрлөө. Өнөөдөр намын өмч хөрөнгө, байр, эд хөрөнгийн асуудал эзэнгүй байна.
Бид сүүлийн гурван жил шүүхийн маргаан үүсгэх гэсэн чадаагүй. Гэрээний хугацаагаараа 25 давхар байраа барьчихсан байх ёстой. Бодлогын судалгааныхаа байртай болсон байх хугацаа өнгөрлөө.
Намын гишүүд байргүйгээсээ болж, нэгдэн цуглаж чадахгүй байна. Энэ намын хүчин мөхөс байлгах зорилготой бүлэглэл нам дотор үүсчээ. Тэр байтугай 2020 оны сонгуулийн дараа намын эд хогшлыг хүлээж авсан хүмүүс өнөөдрийн даргад намын эд хогшлоо хүлээлгэж өгөөгүй. "Шонхор" таураас 30 компьютэр, 30 машин, тавилга эд хогшил, намын архив, дуу бичлэг, дүрс фотог авсан ч Л.Гантөмөр даргад хүлээлгэж өгөөгүй байна. Гурван жил боллоо" гэв.