Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын шатахуун түгээх станцын ойролцоох авто замд наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө автомашинаар хүн дайрч, амийг нь хохироосон зам тээврийн осол гарсан талаар бид өнгөрсөн Баасан гаригт мэдээлсэн. Энэ ослын талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Өвөрхангай аймагт энэ сарын 11-нд шилжих шөнө осол болж нэг хүн нас барсан нь үнэн. Албаны машинтай хүн дээрх ослыг хийсэн эсэхийг сайн мэдэхгүй.
Тухайн аймгийн цагдаагийн байгууллага ослыг шалгаж байгаа. Тухайн үед жолооч согтолтын зэрэггүй гарсан бөгөөд бусад бодис хэрэглэсэн эсэх шалгалтаар тогтоогдоно.
Мөрдөн шалгалт үргэлжилж байгаа"гэдэг хариулт өглөө.
Албан бус мэдээллээр энэхүү ослыг Өвөрхангай аймгийн Засаг дарга албандаа унадаг автомашинтай явж байгаад гаргасан бөгөөд хохирогч эмнэлгийн тусламж авах боломжгүй шууд нас барсан байна. Мөн хүн дайрсан гэх аймгийн Засаг даргыг саатуулаагүй бөгөөд цагдаагийн байгууллагын шалгалт үргэлжилж байгаа аж. Урьдчилсан байдлаар жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй, хурд хэтрүүлсэн байж болзошгүй байна.
Амиа алдсан иргэн нь Ховд аймаг руу хот хоорондын тээврээр зорчиж явахдаа осолд өртсөн гэх мэдээлэл байгаа юм.
Холбоотой мэдээ