Оросын байлдааны хөлөг Хар тэнгисийн уснаа Украиныг чиглэж явсан карго тээврийн хөлөг онгоц руу анхааруулах зорилгоор галлажээ. НҮБ болон Туркийн хэлэлцээрийн дагуу Украиныг Хар тэнгисээр дамжуулан үр тариагаа тээвэрлэхийг зөвшөөрсөн. Гэвч Украиныг зорьж буй хөлөг онгоцууд зэвсэг тээвэрлэж байж болзошгүй гэж ОХУ таамаглаж байна.
Ачааны хөлөг онгоц шалгалт хийх хүсэлтэд хариу өгөөгүй тул анхааруулга болгож жижиг хэмжээтэй автомат зэвсгээр галласан гэж Оросын тал мэдэгдэв. Карго тээврийн хөлөг онгоцыг шалгахын тулд Ка-29 нисдэг тэргийг Василий Быков эргүүлийн хөлөг онгоцноос хөөргөжээ. Улмаар радио холбоо тогтоосны дараа нисдэг тэрэгний багийнхан хөлөг онгоц дээр газардсан байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр тус хөлөг нь Украины Измайл боомт руу чиглэж явсан Сукра Окан нэртэй хөлөг аж. Өдгөө Сукра Окан нь Измайлтай ойролцоо байрлах Сулина нэртэй Румыны боомтод байрлаж байна.
Хөлөг онгоц дээрх шалгалт амжилттай болсон гэж Оросын тал мэдэгдсэн бол Украин үүнийг үгүйсгэсэн. Тодруулбал, "Хөлөг онгоцыг зогсоох шаардлагыг биелүүлээгүй. Харин Туркийн нутаг дэвсгэр рүү чиглэлээ түр өөрчилсөн. Ямар ч нисдэг тэрэг, анхааруулах буудлага байгаагүй. Оросууд зөвхөн радиогоор сүрдүүлсэн. Сукра Окан хөлөг дээр Туркийн багийнхан байсан" гэж "Ukrayinska pravda" хэвлэл мэдээлжээ.
Украин улс энэ долоо хоногт боомтуудаар ирж очих хөлөг онгоцуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх түр коридор нээхээ мэдэгдэж, далайн замаар зорчих худалдааны хөлөг онгоцны бүртгэлийг нээжээ. Түр коридор нь дэлхийн хүнсний аюулгүй байдлын хямралыг даван туулах зорилготой. Мөн Украины зэвсэгт хүчин түр коридороор зорчиж буй худалдааны хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг хангахад туслана гэж мэдэгджээ. Учирч болзошгүй аюулын улмаас хөлөг онгоцууд түр коридороор хэзээнээс зорчиж эхлэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: CNN, UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ