
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гишүүн нийт орнууддаа Хүн ам, орон сууцны нарийвчилсан мэдээллийн сан бий болгож, үр дүнг тархаах ажлыг 2005-2014 онуудад наад зах нь нэг удаа тухайлбал, 2010 оны орчим зохион байгуулахыг зөвлөмж болгожээ. Уг зөвлөмжийн дагуу улс орнууд Хүн ам, орон сууцны 2010 оны дэлхийн хөтөлбөрийн хүрээнд хүн амаа тоолох бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Дэлхийн 223 улс 2005-2014 оны хооронд хүн ам, орон сууцыг нэгдмэл арга зүйг баримтлан тоолно.
Монгол Улс хүн ам, орон сууцны тооллого явуулсан баялаг туршлагатай бөгөөд ХХ зуунд нийтдээ есөн удаа тухайлбал, 1918, 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онд, үүнээс сүүлийн дөрвөн удаагийн тооллогыг орон сууцны тооллоготой хамт явуулсан байна.
Хүн ам, орон сууцны тооллого бол улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн байдал, төрөөс авч хэрэгжүүлж буй ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөгжлийг хангах, хүн амын ахуйн нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг үнэлэх, ирэх 30 жилийн бодлого төлөвлөлтийн суурь мэдээллийг бүрдүүлэх туйлын ач холбогдолтой, хувь хүний мэдээллийн нууцыг хангасан үйл ажиллагаа юм.
Энэ удаагийн тооллогыг явуулахдаа хувь хүн, хүн амьдарч буй орон сууц бүрийг нэг бүрчлэн тоолох, Монгол Улсын нутаг дэвсгэрт нэгэн зэрэг явуулах, тооллогын үе шат бүрд мэдээллийн технологийн ололт, дэвшлийг өргөн ашиглах зарчмыг мөрдлөг болгоно.
Монгол Улсын хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллого нь тооллого явуулах байнгын бүтэц, эдийн засгийн баталгаа, хамрах хүрээ, мэдээлэл цуглуулах, боловсруулах асуудал зэргийг тооллогын тухай тусгай хуулиар баталгаажуулсан, гадаадад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч буй монголчуудыг интернэтээр тоолох анхны тооллого болох юм.
Хүн ам, орон сууцны тухай хуулийг УИХ-аас 2008 оны нэгдүгээр сарын 3-нд баталсан. Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулинд иргэд тооллогын ажилтныг байр, орон сууцандаа нэвтрүүлж, тооллогын асуулгад үнэн зөв, бүрэн хариулт өгч, тооллогод хамрагдсан тухай бичиг баримт тооллогын ажилтнаас авах үүрэгтэй гэж заасан юм.
Г.Дарь