Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 89 жилийн ойн баярыг тохиолдуулан зарим хүмүүсийг БХЯ болон Нийслэлийн шагналаар шагнасныг өнөөдөр гардууллаа. Батлан хамгаалах салбарт идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ЗДТГ/-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Нямсамбуу нарыг нийслэлийн дээд шагнал болох “Хангарьд” одонгоор шагнасан байна. Нийслэлийн Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Н.Дүгэрсүрэн БХЯ-ны “Хүндэт тэмдэг”-ээр, иргэний хамгаалалтын офицер, ахмад Б.Нямгэрэл, Чингэлтэй, Хан-Уул болон нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын нууц, архивын эрхлэгч, дэд ахлагч Ч.Отгонсүрэн, Б.Ганчимэг, Б.Чимэд нар “Эх орны төлөө” медалиар, БХЯ-ны МХШҮГ-ын орлогч дарга С.Амарсайхан, ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн албаны ахлах офицер, дэд хурандаа С.Лхасүрэн, Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Б.Лхагвасүрэн нар Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаасан байна. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн жуух бичиг, БХЯ-ны хүндэт жуух бичгээр БХЯ, ЗХЖШ болон нийслэлийн хороодын зарим хүмүүсийг шагнаж урамшуулсан байна. Мөн энэ үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Борбаатарын тушаалаар дэд хурандаа цолыг дөрвөн хүнд , хошууч, ахмад, ахлах дэслэгч тус бүр нэг хүнд олгосныг гардуулж өглөө гэж Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Д.Цэцэн
Д.Цэцэн