Үерт өртөж амиа алдсан иргэдийн тоог нуусан эсэх болон үерийн эрсдэлтэй бүсэд барьж буй барилгын ажлыг зогсоосон талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэл хийж байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.ОЮУТБОЛД:
-Үерт амиа алдсан хүний тоог нуун дарагдуулаагүй, наймдугаар сарын 5-6-нд самналт хийж тоог гаргасан. Дөрвөн нас барсан хүний тохиолдол дээр Шүүх шинжилгээний газар задлан шинжилгээ хийж, үерээс шалтгаалж нас барсан нь тогтоогдсон. Тодруулбал, энэ сарын 5-ны 20:21 цагт Баянзүрхийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эхэд байрлах монгол гэрт хоёр иргэн цахилгаанд цохиулж, нас барсан байна гэх мэдээлэл ирсэн. Нэн тэргүүн эрүүл мэндийн байгууллагыг очих боломжоор хангаж очсон. Очиход тухайн хоёр иргэн нас барсан байсан. Нас барсан шалтгааныг эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон.
Дараагийн дуудлага мөн энэ сарын 5-ны 22:46 цагт ГССҮТ-өөс ирсэн. Хоёр иргэн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад үерт өртөж, улмаар 10 сартай хүүхэд нь алга болсон байна. Тус иргэд өөрсдөө шокийн байдалтай байна гэсэн мэдээлэл ирсэн.
Тухайн тээврийн хэрэгслийг хаана үерт өртсөн эсэхийг 00:01 цагт олж тогтоосон. Тээврийн хэрэгсэл олдсон цэгээс 10 сартай хүүхэд үерт урссан байж болох хэсгүүдээр онцгой байдал, цагдаагийн байгууллага самналт хийсэн. 00:03 цагийн орчимд 10 сартай хүүхдийн цогцсыг олсон. Ингээд нас барсан иргэний тоо гурав болсон. Мөн цагдаагийн байгууллагад ирсэн гурав дахь дуудлагын талаар мэдээлье. Үерт өртсөн айл өрх, байшин, тээврийн хэрэгсэлд самналт хийсэн.
Наймдугаар сарын 6-ны өдрийн 00:03 цагт дуудлага ирсэн. БЗД-ийн 27 дугаар хороо Дарь-Эхэд хүн амьдардаггүй байж болзошгүй газар цогцос байна гэсэн. Эрэн хайх ажиллагаанд явж байсан алба хаагчид 10-15 орчин насны хүүхэд байж болзошгүй байна гэсэн мэдээллийг өгсөн.
Ойр орчимд цахилгаангүй болсон, байшин усанд автсан байдалтай байсан. Тухайн нөхцөлд цагдаагийн байгууллагаас очиж шалгаж, хурууны хээг таниулахад, 1979 онд төрсөн 44 настай иргэн "Т" гэж хүний цогцос болох нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллагад ирсэн нийт гурван дуудлага мэдээллээр үерийн улмаас дөрвөн хүний амь нас хохирсон болохыг холбогдох албаныхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцлагатайгаар зарласан. Мэдээллийг нуун дарагдуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.СУГАР:
-Хэнтий аймгаас Улаанбаатарт ирсэн хоёр иргэн үерт өртөж амиа алдсан харамсалтай явдал болсон. Эдгээр хоёр иргэний ар гэрийнхэнд орон сууцыг хүлээлгэн өгсөн.
Хоёр талийгаачийн ар гэрийнхэнд орон сууцыг хүлээлгэж өгөхөөр бэлдсэн байгаа. Гэхдээ бичиг баримтын болон хувь хүний нууцтай холбоотой нягтлах асуудал байгаа учир орон сууцыг хүлээлгэж өгөөгүй.
Уг орон сууцнуудыг Нийслэлийн Засаг Даргын нөөц хөрөнгөөс өгч байгаа юм.
Холбоотой мэдээ