Олон улсын Монгол судлалын холбооны хурал өчигдөр /2023.08.14/ болж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун ажлаа өгчээ. Түүний оронд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг томилсон байна.
Олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг таван жил тутамд зохион байгуулдаг бөгөөд сүүлд 11 дүгээр их хурлыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулжээ.
Хэдийгээр С.Чулууныг бусдын оюуны бүтээлийг хуулбарлаж, бүтээлийн жагсаалтаа хуурамчаар үйлдэн, оюуны өмчийг зөвшөөрөлгүй хуулбарласан гэх мэдээлэл цацагдсан ч тус холбооны дүрэм журмын дагуу ээлжит хүнийг томилсон гэдэг мэдээллийг эрдэмтэн судлаачид өгөв. Түүний хувьд шинээр байгуулсан Чингис хаан музейн захирлаар ажиллаж байгаа бөгөөд 2022 онд Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулж, Ерөнхийлөгчөөр нь академич Н.Н.Крадиныг сонгож, Ерөнхий нарийн бичгийн даргаар нь С.Чулуун ажиллахаар болсон.
Харин Д.Заяабаатарын хувьд 2001-2004 онд МУИС-ийн Монгол хэл судлалын сургуулийн багш, 2004-2006 онд БНСУ-ын Дангүг их сургуульд урилгын профессор, 2006-2008 онд Монгол хэл, соёлын сургуулийн Сургалтын албаны эрхлэгч, 2008-2011 онд Монгол хэл, соёлын сургуулийн захирал, 2011-2014 онд Япон улсын Осака их сургуульд урилгын профессор, 2014 оноос өнөөг хүртэл МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд профессор хийхийн зэрэгцээ Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Мөн МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, бүрэлдэхүүний сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, “Монгол судлал”, “Акта Монголика” эрдэм шинжилгээний сэтгүүлийн эрхлэгч, Олон улсын Монгол судлалын холбооны зөвлөлдөх товчооны гишүүн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, “Хэл зохиол судлал” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, Японы Монгол судлалын нийгэмлэгийн гишүүн, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсад хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн гээд залуу хүн гэхэд ахадсан гэмээр олон сонгуульт ажилд тэрбээр сонгогдон хариуцлагатайгаар ажиллаж яваа эрдэмтний нэг юм. Сүүлд тэрбээр УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн асуудалд нэр холбогдож, өөрөө үгүйсгэсэн тайлбарыг цахим хуудсаараа бичиж байв.
Энэ жил Монголд Олон улсын монголч эрдэмтний XII их хурлыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй. “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд их хуралд оролцохоор дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаач хүрэлцэн ирж, оролцож байна.
Монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурлыг 1959 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан байдаг. Тухайн үед Монголын шинжлэх ухааны академийн дэргэд 1970 онд академич Б.Ширэндэвээр ахлуулсан хэл бичгийн эрдэмтдийн их хурал зохион байгуулах байнгын хороо байгуулсан байна. Байнгын хороо хэд хэдэн удаа хурал зохион байгуулж, 1987 онд болсон монголч эрдэмтдийн тавдугаар их хурлаас Олон улсын монгол судлалын холбоо (ОУМСХ)-г байгуулж, тухайн үеийн Сайд нарын зөвлөл албажуулж тогтоол гаргаж байжээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрөөс энэ холбоог анх байгуулж, одоо төрийн бус байгууллагын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бие даасан байгууллага.
Энэ холбоонд дэлхийн 40 орчим орны 600 гаруй судлаач гишүүнчлэлтэй байдаг аж. Холбооны ерөнхийлөгчөөр нь Унгар улсын эрдэмтэн Бирталан Агнеш ажиллаж байна.
Холбоотой мэдээ