Дарангуйллаас мултрахыг оролдож, эх орноосоо дүрвэсэн уйгур гэр бүлийн тэргүүн Идрис Хасан өдгөө Мороккогийн шоронд хоригдож буй. Идрис Хасан эх орноосоо гараад эхлээд Турк, дараа нь Мороккод хүрсэн аж. Хятадын эрх баригчид түүнийг Зүүн Туркестаны исламын хөдөлгөөний гишүүн байсан гэж буруутгажээ. Тус хөдөлгөөн татан буугдаад 10 гаруй жил болсон гэх ч Хятад улс энэ мэдээллийг үгүйсгэж байна.
Хасаныг Хятад руу шилжүүлэх магадлал өндөр аж. Хэрвээ шилжүүлбэл тэр эрүү шүүлттэй тулгарах эрсдэлтэй гэдгийг Эмнести Интернэшнл байгууллага мэдээлж байна. Идрис Хасан нь Хятадын засгийн газрын хяналт, айлган сүрдүүлэлт, хавчлагын асар том сүлжээний хохирогч болжээ. Хятадын захиалгаар өөрийг нь Мороккод ийн саатуулсан гэж Хасан үздэг. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ 2012 онд Истанбулд ирсэн боловч тэнд дөрвөн удаа баривчлагдаад, 10 гаруй жил болсныхоо дараа дахин зугтсан юм.
Хасан угтаа бол баруун Европыг зорих санаатай байсан. Гэвч өөрийг нь баривчлах "Интерпол"-ын мэдэгдэл гарсныг мэдэлгүй Марокко явах замдаа саатуулагджээ.
Хятад дахь хэлмэгдүүлэлтээс зугтсан уйгуруудын хамгийн аюулгүй газар бол Турк гэж олон жилийн турш үзсэн. Энэ нь түрэг угсаатны шашин шүтлэг, соёл, хэл шинжлэлтэй холбоотой бөгөөд Турк улсад 45 мянга орчим цөөнх бий. Гэвч Турк нь улс төр, эдийн засгийн хувьд Хятадтай нягт уялдаа холбоотой байгаа тул сүүлийн жилүүдэд уйгуруудын хувьд аюулгүй бүс байхаа больжээ. Санхүүгийн хямралтай байгаа Турк улс Хятадын бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх болсон нь өөрчлөлтийг улам хурцатгасан байна.
Хүний эрхийн төлөө тэмцэгч "Safeguard Defenders" байгууллагын тайланд дурдсанаар Хятад улс хилийн чанад дахь уйгуруудыг үндэстэн дамнаж хэлмэгдүүлж байгаа нь айдас түгшүүртэй уур амьсгалыг бий болгожээ. Хүний эрхийн төлөө тэмцэгчид болон өмгөөлөгчдөөр тогтохгүй жирийн иргэд, оюутнууд, бизнесийн хүрээллийнхэн ч хэлмэгдүүлэлтийн бай болсон байна.
Гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудаас үзэхэд сүүлийн 10 жилийн хугацаанд Шинжаан дахь уйгуруудын хэлмэгдүүлэлт улам нэмэгджээ. Батлагдсан тоо баримт хомс ч хүний эрхийн ажиглагчид болон бусад бүлгийн тооцоолсноор Хятад улс нэг сая гаруй хүнийг хорих лагерьт илгээсэн байна. АНУ болон барууны засгийн газрууд үндэсний цөөнхийн эсрэг энэхүү хэлмэгдүүлэлтийн кампанит ажлыг геноцид гэж үзэж байна. Хятад улс үүнийг үгүйсгэж, 1990-ээд оноос хойш уйгуруудыг мэргэжлийн сургалтын хуаранд явуулж байгаа гэжээ.
Синьхуа агентлаг 2021 онд үүнтэй холбоотойгоор 24 зүйлээс бүрдсэн няцаалтыг нийтэлж байв. Энд дурдсанаар Шинжаан дахь үндэсний салан тусгаарлагчид, шашны хэт даврагчид болон хүчирхийлэгч террористууд 1990-1996 оны хооронд хэдэн мянган хүчирхийллийн террорист ажиллагаа зохион байгуулж, үйлдсэн аж.
"Шинжаантай холбоотой асуудал бол хүний эрх, үндэс угсаа, шашин шүтлэг биш, харин хүчирхийлэл, терроризм, салан тусгаарлах үзэлтэй тэмцэх асуудал юм" гэж Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю хэлсэн байдаг. Туркт байрладаг цөөнхийн талаар түүнээс асуухад "Худлаа юм зохиож ярьсан хэдэн хүн байгаа. Тэдний үгийг хамаатан садан, найз нөхөд нь няцаасан. Шинжаанд хүмүүс амар амгалан, аз жаргалтай амьдарч байна" гэж хариулжээ.
Тэгвэл Шинжаанаас гаралтай нийгмийн ухааны эрдэмтэн Улуйол гэгч нь Турк дахь цөөнхөд хамаарах 93 хүнээс санал асуулга авчээ. Энэхүү санал асуулгаар тэдгээр цөөнхийн 80 хувь нь 2017 оноос хойш гэр бүлийн зарим гишүүнтэйгээ холбоо барьж чадахгүй байгаа гэсэн байна. Мөн тэдний гуравны нэгээс илүү хувь нь Туркт байхдаа Хятадын цагдаа, төрийн ажилтнуудын дарамтад өртсөн гэжээ. Улуйолын ярьж буйгаар Хятадын эрх баригчид Шинжаан дахь гэр бүлийг нь ашиглаж Туркт амьдардаг уйгуруудыг айлган сүрдүүлэх нийтлэг тактиктай болсон гэв.
Турк улсын хувьд өнгөрсөн хугацаанд олон арван мянган уйгур хүнийг хүлээн авчээ. Ингэхдээ аливаа бичиг баримт нь дутуу юм уу хуурамч байсан ч нүдээ аниад өнгөрөөдөг байсан гэж Истанбулд 30 жил амьдарсан Туркийн ахмад шинжээч Гарет Женкинс хэлэв.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 2016 оныг хүртэл Хятадын уйгурчуудад хандаж буй үйлдлийг геноцид гэж үзэж байв. Гэвч 2016 онд Турк улс "Бүс ба зам" санаачлагад нэгдэн орсноор өөрчлөгдөж эхэлжээ. Улмаар 2017 онд хоёр улс ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Хятад улс 2020 онд уг хэлэлцээрийг соёрхон баталсан бол Турк хараахан батлаагүй байна. Гэсэн ч Турк дахь уйгурчууд үүнтэй холбоотойгоор Хятад руу өөрсдийг нь шилжүүлэх вий гэсэн айдастай байдаг.
Турк ийнхүү гэнэт өөрчлөгдсөний бас нэг шалтгаан бол Хятадын бэлэн мөнгөний амлалт аж. Хятад улс дэлхийн хамгийн том дүүжин гүүр болох Канаккалегийн гүүрийг хэсэгчлэн барьж, Кумпорт дахь тээврийн чингэлэг боомтын ихэнх хувийг эзэмшиж байна. Мөн Хятадын технологийн аварга Алибаба групп нь Туркийн цахим худалдааны "Trendyol" фирмийг худалдаж авсан зэрэг олон хөрөнгө оруулалт бий.
Амласан хөрөнгө оруулалт олон ч бүгд хараахан биелэлээ олоогүй байгааг Вашингтон дахь Жонс Хопкинсийн олон улсын ахисан түвшний судалгааны сургуулийн туслах профессор Лисел Хинтз хэлжээ.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ