Сурвалжлага: Хүүхдийн дүрэмт хувцас  110 мянган төгрөгөөс эхэлж байна 

Хуучирсан мэдээ: 2023.08.14-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүүхдийн дүрэмт хувцас  110 мянган төгрөгөөс эхэлж байна 

Сурвалжлага: Хүүхдийн дүрэмт хувцас  110 мянган төгрөгөөс эхэлж байна 

Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлджээ.  Энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг бэлдэх гээд нийслэлийн томоохон худалдааны төвүүдийг зорьдог. Бид эцэг эхчүүдийн анхаарлаа хандуулдаг сурагчийн дүрэмт хувцас болон хичээлийн хэрэгсэл ямар үнэтэй байгааг сурвалжлахаар “Баялаг-Ундраа”, “Нарантуул” төвөөр орлоо.

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЛИЙН ҮНЭ ОГЦОМ НЭМЭГДСЭН ЗҮЙЛГҮЙ

"Нарантуул" зах 15.00 цагийн үед хөл хөдөлгөөн ихтэй байв. Тус захад дүрэмт хувцасны цэнхэр сорочкон цамц төрөл төрлөөрөө өлгөөтэй байх агаад тод цэнхэр нь 25 мянга, бүдэг цэнхэр нь 20 мянган төгрөгийн үнэтэй байв. Хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд дүрэмт хувцасны үнээс илүү материалыг нь сонирхоно. “Нарантуул” худалдааны төвд зарагдаж байгаа сурагчийн дүрэмт хувцасыг Хятадаас оруулж иржээ.

"Баялаг-Ундраа" төвийн урд хаалган дээр хичээлийн хэрэгсэл, цүнх, цэнхэр цамц дэлгэн тавьсан хэд хэдэн асар харагдана. Эхний асар дээр очин хичээлийн хэрэгслийн үнийн мэдээллийг асуухад худалдагч зах дотор худалдаалагдах барааны үнээс хамаагүй хямд, үйлдвэрийн үнээр худалдаалж байгаа гэж бараагаа рекламдав.

Голцуу эцэг эхчүүд, хүүхдээ дагуулан шинэ дүрэмт хувцас, цүнх үзэж байна. Энэ жилийн тухайд дэвтэр, цүнх, үзэг балны үнэ бага зэрэг нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн жил 12 хуудастай дэвтэр 200 төгрөг байсан бол энэ жил 350 төгрөгөөр худалдаалж байна. 12 хуудастай дэвтэр 100-150 төгрөгөөр нэмэгджээ.

  • "Улаанбаатар принт" ххк-ын дэвтэр 350-2,430 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.
  • 12-96 хуудастай дэвтэр 350-2,430 төгрөг
  • Зургийн дэвтэр 2,000-3,500 төгрөг
  • Өнгийн харандаа 6,000-12,000 төгрөг
  • Усан будаг 2,000-12,000 төгрөг
  • Цаасны цавуу 1,500-4,500 төгрөг
  • Үзгэн бал 1,000-4,000 төгрөг
  • Баллуур 500-2,500 төгрөг
  • Үзэгний сав 8,000-25,000 төгрөг
  • Хайч 3,500-10,000 төгрөг
  • Өнгийн цаас 2,500 төгрөг

Үзэг бал сонголтоор 500-2000 төгрөгийн орчимд худалдаалж байлаа. Үүнээс гадна нэгдүгээр ангид орох хүүхдүүд цүнх хамгийн их асууж байгаа гэнэ. Цүнхний тухайд 40-150 мянган төгрөгөөр худалаалж  байна. Мэдээж хүүхдийн нуруунд даац өгөхгүй хэлбэр, өнгө үзэмжээс хамаараад ийнхүү хэлбэлзэх аж. Баримлын шавар, өнгийн харандаа, пламастер 3000  төгрөгөөс эхэлж байна. Усан будаг, тодруулагч сонголтоос хамаарч 5000-12000 төгрөгийн хооронд байлаа.

ХҮҮХДИЙН ДҮРЭМТ ХУВЦАС  110 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА 

Баялаг-Ундраа зах руу ортол хичээлийн хэрэгслийн үнэ гадаах асруудтай нь харьцуулбал 500-3000 төгрөгөөр, цэнхэр цамцны үнэ 5000 төгрөгөөр илүү үнэтэй худалдаалагдаж байгаа нь ажиглагдлаа. Уг худалдааны төвийн хоёр давхарт Монгол Улсдаа сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн, худалдаалдаг "Өүлэн менч", "Бүтээлч үйлс", "Шилмэл загвар" зэрэг компанийн дүрэмт хувцас зарагдаж байна.

Энэ жилийн хувьд:

  • Бага ангийн сарафан 76000-78000, эрэгтэй хүрэм 76000-78000 төгрөг
  • Дунд ангийн эмэгтэй хүрэм 93000-95000, эрэгтэй хүрэм 93000-95000 төгрөг,
  • Ахлах ангийн эмэгтэй хүрэм 106000-108000, эрэгтэй хүрэм 118000-120000 төгрөгийн хооронд борлуулагдаж байна.

Хичээлийн хэрэглэлийн үнийн талаар худалдагч Т.Энхцэцэгээс тодруулбал “Үнийн хувьд огцом нэмэгдсэн зүйлгүй. Нэг хүүхдийн бэлтгэлийг хангахад 80-150 мянган төгрөг зарцуулж байна.

Худалдагч А.Мөнгөнчимэг “Гадуур юмны үнэ өссөн сургаар наймаачид янз бүрээр бараагаа зарж байна. Гэхдээ энд олон жил суусан хүмүүс яг үнээр нь зардаг. Харин түр түрээслэгчид барааныхаа үнийг нэмэх тохиолдол байдаг. Хүмүүс жижиг барааны үнэ асуудаггүй. Байнга дэвтрийн үнэ асуудаг учраас тэрэн дээр нь “тоглолт” хийдэг. Тиймээс иргэд  дэвтэр гэлтгүй юм авахдаа сайн явж судалж байж авах хэрэгтэй.  Зарим нэг овсгоотой хүмүүс үнийн судалгаа хийж харьцуулж байгаад  авдаг л юм. Гэхдээ тийм хүн ховор доо. Ихэнх хүмүүс захын хаалгаар орж ирээд эхний лангуунаас юмнуудаа авч харагддаг” гэв.  Цаашилбал, лангуун дээр өрөөстэй цүнхнүүд өнгө загвар, зориулалтын хувьд түмэн янз. Охин хүүхдийн цүнх мэдээж ягаан өнгө илүү давамгайлсан байх агаад “Disney” баатруудын зурагтай. Харин хөвгүүдийн цүнх хар хөх өнгөтэй, машины зурагтай байх нь түгээмэл. Үнийн хувьд загвар, цүнхний том жижгээс хамаараад 65-90 мянган төгрөгийн хооронд байсан бол ахлах ангийн хүүхдүүдийн цүнх гэвэл арьсан үүргэвч давамгайлж, худалдаанд ихээр гарсан харагдана. Үнийн хувьд 60 мянган төгрөгөөс эхэлнэ.

ХОЁР ХҮҮХЭДТЭЙ АЙЛ ДУНДЖААР САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА 

Амьдралын боломж, өрхийн орлогоосоо хамаарч зарим эцэг эхчүүд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байсан ч зарим нь үнэ, ханшийг нь сонсоод өөр дүрэмт хувцас үзэхээр буцаж байгаа харагдав. Үндэсний үйлдвэрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас загвар, стандартыг тодорхойлж өгсөн учраас дүрэмт хувцсыг ижил үнээр борлуулах ёстой гэж заасан. Гэвч аж ахуйн нэгжүүд үндсэн материалуудаа Япон, Солонгосоос оруулж ирсэн хэмээн бүтээгдэхүүнийхээ үнийг өөр өөр тогтоодог байна.

Иргэдийн хувьд үнийн өсөлт том дарамт болж буй. Тухайлбал, бидэнтэй таарсан иргэн Б.Ариунсайхан хоёр хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг цуглуулж байлаа. Тэрбээр “Мөнгөний ханш маш их унажээ. Өмнө нь 200 мянгад хүүхдийнхээ дүрэмт хувцас, цүнх дэвтэрийг “дөнгөчихдөг” байсан бол энэ жил дүрэмт хувцас, цүнхний үнэ нэлээд өсчээ. Цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн хэрэгсэл цуглуулахад 100 мянган төгрөг болж байна. Манайх ам бүл дөрвүүлээ. Цалин хүүхдийн хичээлийн хэрэглэлд зарцуулаад дууслаа. Цаана нь хоол, хүнс, бензин тосны мөнгөө зохицуулахад хэцүү болж байна” гэлээ.

Б.Энхболд “Дэвтрийн үнэ нэмэгдсэн байна. Жишээ нь 24 хуудастай дэвтэр 550 төгрөг болсон байна. Өмнө нь 450 төгрөг байсан. Манайх ам бүл дөрвүүлээ. Ар гэрийн боломждоо тааруулаад хичээлийн бэлтгэлээ 100-200 мянган төгрөгт багтаадаг. Нийт сая төгрөг зарцуулдаг даа. Аав ээжийн нэг сарын цалин тэр чигтээ хичээлийн бэлтгэлд зарцуулагддаг".

А.Мөнхчимэг “Хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг цуглуулаад явж байна. Иргэд ажил, амьдралаа яаж ийгээд болгож байгаа ч үнийн өсөлтөд дарлуулж байна. Хүүхэд яг ийм бүтээгдэхүүн авна гэсний дагуу наймаачид үнийг нь нэмчхэж байгаа юм. Арай нэг гайгүй материалтай цүнх авахад 100 мянган төгрөг байна. Нийтдээ хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд 500 мянган төгрөг зарцуулагдах юм байна”гэв.

Ийнхүү "Нарантуул" захаас гарч, бусад төвүүдээр үнийн ажиглалт хийлээ. Тодруулбал, Сүхбаатарын талбай, "Бөмбөгөр", III,IVороолол, Улсын циркийн гудамж, Тэнгис кино театрын задгай талбайд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарчээ.

“Аса” циркийн задгай талбайн үзэсгэлэн худалдаагаар орвол “Өүлэн” брэндийн сурагчийн дүрэмт хувцас, Улаанбаатар принтийн дэвтэр, 5000 нэр төрлийн бичиг хэрэглэл, “Delune”,  “Golove”, “Disney” брендийн сурагчийн цүнх худалдаалж байна. Ихэвчлэн хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд цүнх, сурагчийн дүрэмт хувцсыг  сонирхон асууж байлаа. “Нарантуул” захыг бодвол эндхийн дэвтэр, цүнхний үнэ нэг дахин үнэтэй байлаа. Жишээ нь, нэгдүгээр ангийн хүүхдийн  үүргэвч дунджаар 80 мянган төгрөгөөс 160 мянган төгрөг байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж