Наадмын дараа намар бус бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу ирдэг болоосой. Жилээс жилд л олны дунд таамаг, маргаан дэгдээж, талцуулах юм. Өнгөрсөн долоо хоногт бөхчүүдийн шинжилгээний хариу Өмнөд Солонгосын итгэмжлэгдсэн лабораториос ирсэн гэнэ. Гэхдээ бүрэн бус. Нэг бөхийн хариу хараахан ирээгүй байх агаад энэ долоо хоногтоо эцэслэгдээд ирэх сурагтай. Одоогоор ямартай ч хэдэн бөх тэр дундаа хэн гэдэг бөхөөс допингийн төрлийн хориотой бодис илэрсэн бэ гэдэг нь албан бус таамаг төдий байна. Цахим орчинд нисч буй бор шувуу төрийн наадмын үзүүр бөхийг "но"-той болоод цолны найраа хойшлуулсан гэж жиргэх аж.
Тэгвэл жилийн жилд наадмын дараа хэл ам таталдаг допингийн асуудлыг шийдэх боломж бий юу?
MONADA АЖЛАА ЗОХИХ ЁСООР НЬ ХИЙГЭЭСЭЙ
MONADA буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага ажлаа хийж байгаа гэвэл хийж байгаа гэхдээ тун хангалтгүй, мэргэжлийн бус байгаа гэвэл зохилтой. Тус байгууллагын ерөнхийлөгч Ж.Хатанбаатар гэх хүнийг хангалттай шүүмжилж, эрэн сурвалжилж байгаа ч өдийг хүртэл ганц ч үг ган хийж, хурал, арга хэмжээнд оролцсонгүй. Харин түүний хүргэн хүү, допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболд улаан нүүрээ улалцуулсаар тодорхой бус ярьсаар өдийг хүрлээ. Тэрбээр наадмын дараа ярихдаа "Шинжилгээг авч дуусаад лацныхаа бүрэн бүтэн байдлыг хангаад гаалийн байгууллагад хүлээлгэж өгөөд долдугаар сарын 13-ны өдрийн онгоцоор БНСУ-руу илгээсэн. Шинжилгээний хариу хэзээ ирэхийг мэдэхгүй. Байгууллагын цахим хаягт хариу ирдэг" гэж байв.
Угтаа олон улсын допингийн эсрэг дүрмийн 14.2-д зааснаар А сорьцын хариу ирсэн бол шинжилгээнд бүдэрсэн тухайн тамирчин болон хэрэглэсэн хориотой бодисын талаарх мэдээлэл, зөрчлийг олон нийтэд нээлттэй зарлаж, тэмцээнд оролцох эрхийг нь түр хугацаанд түдгэлзүүлэх ёстой. Үүний дараа тамирчин Б сорьцын шинжилгээ хийлгэх эсэхээ шийдэж, хүсэлтээ өгнө. Харамсалтай нь Монголд зөвхөн А сорьцын хариугаар тухайн бөхийг яллах тохиолдол бий. Н.Суманчулуун начны А сорьцноос хориотой бодис илэрсэн ч Б сорьц нь зөрчилгүй байж, нэр төрөө сэргээж байсан тод жишээ байгаа. Тиймээс яаруу бусдыг яллаж, цоллох нь учир дутагдалтай.
Мөн олон улсын дүрмээ дагавал MONADA өдийд шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрсийг зарласан байх ёстой. РУСАДА Камила Валиевагийн шинжилгээний хариуг зарлалгүй, нууж явсаар олимпийн үеэр өнөөх нь ил болж, бөөн асуудал үүссэн түүхтэй. Үүн шиг л Монголд ажлаа хийж байна. Хариу цувж ирнэ гэдэг ойлголт байхгүй гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Нэг өдөр, нэг цагт, нэг онгоцоор, нэг чиглэлд хамтдаа явсан сорьцнуудын хариу цувж ирсэн гэвэл баргийн хүн итгэхгүй биз. Магадгүй МОNADA-ийн удирдлагууд хөшигний ард бөхчүүдийг хариугаар нь шантаажилж, ашиг хонжоо харж байж болох юм.
MONADA-Г ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Мэдээж боломжтой. Ж.Хатанбаатар болон түүний холбоо хамаарал бүхий этгээдүүд допингийн эсрэг байгууллагын орой дээр гарч суугаад олон жил боллоо. Сайжирч, шинэчлэгдэж байгаа зүйл нэг ч үгүй. Үеийн үед гүйцэтгэх захирлууд нь асуудалд орж, буруутан нэр зүүн ажлаа өгч, зарим нь шоронд орсон тохиолдол байгаа. Олон улсын дүрмэндээ допингийн эсрэг байгууллага нь төрөөс хараат бус үйл ажиллагаагаа явуулж, санхүүгийн тайлангаа тайлагнах албагүй гэх. Тэгвэл Засгийн газар, Монголын үндэсний олимпийн хорооны зүгээс одоогийн MONADA-ийн үйл ажиллагааг хангалтгүй, хууль бус гэж үзэн дахин өөрчлөн байгуулах эрх бий.
Спорт сайд Б.Бат-Эрдэнэ болон олимпийн хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг хоёр хамт суугаад хоёр цаг ярихад л одоогийн Ж.Хатанбаатарын MONADA-г үгүй хийх хүчтэй аж. Харамсалтай нь энд тэнд спортын арга хэмжээ нээж, хааж явсаар бодлогын ажлуудаа умартжээ. Санаж явбал бүтнэ гэдэг хэзээ нэг өдөр хоёр "босс" энэ талаар бодож үзэх биз.
БӨХЧҮҮД ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ ЮУ?
Зарим талаараа тийм гэхэд хилсдэхгүй. Жил бүр WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг хориотой эмийн жагсаалтаа шинэчилдэг. Үүнтэй л бөхчүүд жил бүр танилцах хэрэгтэй байгаа юм. Мөн MONADA-ийн тоотой хэд болдог сургалтанд сууж, номын дуу сонсон сонирхсон асуултандаа хариултаа авдаг байх хэрэгтэй. Сургалт боллоо гээд зураг харахаар сум, аймгийн цолтнууд, тоотой хэдэн улсын цолтой бөхчүүд харагддаг нь нууц биш. Ядаж л бэртэл, гэмтлийн үеэр ууж байгаа эмийнхээ орц, найрлагыг нь мэдэж байх ёстой. Дараа нь ганц ширхэг зүрхний эм гээд муурын нүд гаргаад суухгүй шүү дээ.
Шинэчлэн баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг бөхчүүд, бөхөд хайртай түмэн минь нэг уншчихад гэмгүй.
Мөн шинжилгээний сорьц өгөхдөө гэрчтэй орох хэрэгтэй. Зарим нь энэ талаар бүр ойлголтгүй. Гэрчтэй хамт шинжилгээ өгөхийн учир нь чамайг сорьцны савандаа шээж, лацаа өөрийн гараар таглаж, хүлээлгэн өгсөн гэдгийг батлах учиртай. Дараа нь сорьц солигдсон, задарсан, өөр хүн шээсэн гэх мэт асуудал гарахаас сэргийлж байгаа хэрэг.
Эцэст нь хориотой бодис хэрэглэсэн бол хүлээн зөвшөөр. Сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бодит туслалцаа үзүүлбэл шийтгэл нь зөөлөрдөг гэдгийг санаарай. Мөн шинжилгээ өгөхөөс зайлсхийнэ гэдэг хэрэглэсэн гэдгээс ялгаагүй.
ЛАБОРАТОРИ, ЛАБОРАТОРИ, ЛАБОРАТОРИ…
Одоогоор Монгол Улс Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторитой гэрээтэй ажилладаг. Шинжилгээ хийлгэх үнийн дүн нь ч бага биш. Д.Мөнхболдын хэлснээр нэг бөхийн шинжилгээ бүх зүйл нь ороод 579 ам доллар, дээр нь нэмээд 269 мянган төгрөгийн зардал гардаг.
Угтаа Хятад, Япон, Герман, Тайланд, Турк зэрэг Монголоос шууд нислэгтэй бусад улсад итгэмжлэгдсэн лабораториуд бий. WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори байгуулах өртөг нь нийт 670 мянган ам.доллар. Харин засвар үйлчилгээ, эрчим хүч, байгууламжийн аюулгүй байдал, зохих температурын хяналт зэрэг нэг жилийн урсгал зардалд 100 мянган ам.доллар шаардагддаг аж.
23 мянган дээжийг дөрвөн жил хадгалах багтаамжтай лаборатори байгуулахад дээрх хэмжээний өртөг гарна. Харин 45 мянган дээжийг найман жил хадгалах лаборатори байгуулахыг хүсвэл 1.15 сая ам.доллар шаардлагатай. Жилийн урсгал зардал нь 186 мянган ам.доллар. Ерөнхийдөө хичнээн дээжийг ямар хугацаанд хадгалах вэ гэдгээс шалтгаалан лабораторийн өртөг хэлбэлзэнэ.
Монголын тухайд 24-72 цагийн явуулын лабораторийг эх орондоо наадмын үеэр ажлуулах боломжтой. Олимп, дэлхийн аварга гээд томоохон уралдаан тэмцээний үеэр допингийн явуулын лабориториуд тухайн тэмцээн болж буй хотод ажилладаг. Ингэвэл ядаж л шинжилгээний хариу нь тэр дороо гарч, дараа нь асуудал, чирэгдэл бага гарах мэт.
Холбоотой мэдээ