Өмнөд Солонгос улс нь цагаачлалын бодлогоо шинэчилснээр илүү олон гадаад ажилчныг хүлээн авахаар төлөвлөж байна. Ингэхдээ цагаачдын солонгос хэлээр харилцах чадварыг бусад ур чадвараас илүү чухалчлах болно гэж мэдэгдлээ.
Албаныхан энэ оны сүүлээр цагаачлалын тогтолцооны өөрчлөлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг зарлах төлөвтэй байгаа юм.
Тодруулбал, солонгос хэлний мэдлэг нь E-7-4 ангиллын виз авахад чухал хүчин зүйл болно гэж ууль зүйн яамнаас мэдэгдэв. Уг визийг тодорхой шаардлагыг хангасан хүмүүст олгодог бөгөөд хамгийн багадаа 4 жилийн ажлын туршлага шаарддаг. Түүнчлэн энэ визтэй хүмүүс Өмнөд Солонгост байнга оршин суухыг зөвшөөрдөг бөгөөд гурван жилийн үндсэн хугацааг хязгааргүй сунгах боломжтой байдаг.
"Солонгос хэлний мэдлэг бол бусад улс орны нэгэн адил цагаачид манай нийгмийн гишүүн болж төлөвшихөд хамгийн чухал хүчин зүйл юм. Хэрвээ маш сайн хэлтэй хүмүүст хүсвэл илүү өргөн боломж өгөхөөр төлөвлөж байна" гэж мэдэгджээ.
Энэхүү мэдэгдэл нь өнгөрсөн сард Чежү арал дээр болсон чуулга уулзалтын үеэр Хууль зүйн сайд Хан Дун Хуны дэвшүүлсэн шинэчлэлийн чиглэлтэй нийцэж байгаа юм. Тэрээр хэл ярианы ур чадвар нь "гагнуурын ур чадвараас илүү чухал" гэж хэлээд солонгос хэлээр чөлөөтэй харилцаж чаддаг хүмүүст ихээхэн хэмжээний урамшуулал олгоно гэсэн юм.
Тэрбээр мөн ур чадвартай гадаадын ажилчдыг хүлээн авахын тулд цагаачлалын шинэчлэл хийх нь нэн тэргүүний зорилт байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Дээр нь Өмнөд Солонгост төрөлт нь дэлхийн хамгийн доод түвшинд хүрч буурч байгаа тул цагаачидтай хамтран амьдрах шаардлагатай гэж үзэхээс өөр аргагүйд хүрсэн гэдгийг онцолжээ.
Хэрвээ цагаачлалын тогтолцоог сайтар боловсруулж чадахгүй бол Өмнөд Солонгост "ирээдүй байхгүй" гэж тэрбээр мэдэгдсэн юм. Зорилгодоо хүрэх алхам бүрийг бусад олон орнуудтай адил болгоомжтой хэрэгжүүлэх хэрэгтэй, эс тэгвээс энэ нь улс төрийн хэт хуваагдалд хүргэж болзошгүй гэж тэрбээр болгоомжлуулсан байна.
Тус улсын Статистикийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, өнгөрсөн тавдугаар сард дөнгөж 18,988 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар буурсан байна. Энэ бууралт 90 сар дараалан үргэлжилж, жил ирэх тусам цөөрч байгаа нь улс орны эдийн засаг, ирээдүйд хүн ам зүйн хувьд аймшигтай сорилт болж байна.
ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES
Холбоотой мэдээ