Ньюс агентлаг энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ҮЕРТ ХОХИРСОН ИРГЭДДЭЭ НИЙСЛЭЛЭЭС ОРОН ГЭР, ГАЗАР ОЛГОВ
Нийслэлд наймдугаар сарын 5-ны өдөр буусан үерийн улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 38.3 га талбайд уруйн үер бууж, дөрвөн хүн амь нас эрсдэж, 356 айл өрх, 25 аж ахуйн нэгж байгууллага, 105 автомашин үерт өртсөн.
Гамшгийн үеийн авран хайх, гамшгийн дараах сэргээн босгох, нүүлгэн шилжүүлэх, цэвэрлэгээ, ариутгал хийх, далан шуудууг сэргээх, шинээр гаргах үерт автсан айл, өрхүүдэд туслах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зэрэг ажиллагааг гардан хийлээ.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгохоор болсон. Газрын зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн бөгөөд эдгээр иргэнийг амьдарч байгаа газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Эхний 20 айлын гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлийг хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. Мөн үерээр харамсалтайгаар амиа алдсан нэг иргэний ар гэрт хоёр өрөө орон сууцны дэмжлэг үзүүлсэн байна. Үлдсэн иргэдийн байрыг тун удахгүй шийдэх юм.
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМНЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан наймдугаар сарын 9-нд болж 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дунд боловсролын салбарт он дамжин хэрэгжиж байгаа 2023 онд ашиглалтад оруулах боломжтой ч энэ жилийн улсын төсөвт үлдэгдэл болон нэмэлт санхүүжилт тусгагдаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2024 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.
Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлсэн. 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж буй.
Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийн суудлыг шийдвэрлэх, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна.
ЕРӨНХИЙ САЙД АНУ-ААС ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЭВ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар тус улсад 2023 оны наймдугаар сарын 1-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын дүнгээр “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай Хамтарсан мэдэгдэл” гаргасан билээ. Айлчлалын хүрээнд байгуулсан санамж бичиг, шийдвэрлэсэн асуудлуудыг шуурхай ажил хэрэг болгохыг Ерөнхий сайд холбогдох салбарын сайд нарт үүрэг болголоо.
Тухайлбал, 20 гаруй жил яригдсан Монгол Улс –АНУ хооронд шууд нийслэг хийх “Open Sky” хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хэлэлцээрийн дагуу шууд нислэгт ашиглагдах Бойнг 787-9 агаарын хөлгийг хүлээн авах ёслол наймдугаар сарын 11-нд болсон юм. "МИАТ" ТӨХК болон "AerCap" компаниуд 2023 оны тавдугаар сард байгуулсан гэрээний дагуу 787-9 /Dreamliner/ буюу мөрөөдлийн хөлөг онгоцыг урт хугацааны түрээсээр авчээ. "МИАТ" компани тус нисэх онгоцыг 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 примиум, 226 энгийн/ захиалсан байна. Эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ, Сингапур, Австрал улс руу нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ