Монгол Улсын иргэд ажиллаж хөдөлмөрлөх, суралцах, бизнес хийх, амьдрах зэрэг олон шалтгаанар ОХУ-ыг зорих нь элбэг. Тэгвэл тус улсын хилийн боомт, агаарын тээврээр зорчихдоо дараах зүйлсийг заавал мэдүүлэх шаардлагатайг холбогдох албанаас сануулж байна.
Үүнд соёлын үнэт зүйлс, галт зэвсэг, түүний эд анги, эм бэлдмэл, сэтгэцэт нөлөөлөх бодис, түүний угтвар бодис, хүний биеийн биологийн материалын дээж сорьц, шифр бүхий (криптографик) хэрэгслийг заавал мэдүүлэх юм байна.
Оросын нутаг дэвсгэрээс үйлдвэрийн савлагаатай 5 кг хүртэл загас, далайн бүтээгдэхүүн, 250 г хүртэл загасны түрсийг дэлгүүрийн бичиг байгаа тохиолдолд хилээр гаргахыг зөвшөөрнө. Дээрх хэмжээнээс хэтрүүлж хилээр гаргахыг хориглоно. Мөн зориулалтын бус саванд савласан 10 литрээс илүү шатахуун түлшийг хилээр гаргахыг хориглоно.
Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлээд $10,000-аас илүү үнийн дүнтэй бэлэн гадаад валют, төлбөрийн хэрэгслийг хилээр гаргахыг хориглосон. Харин дээр дурдсан үнийн дүн (бэлэн мөнгө, аяллын чек)-тэй тэнцэх хэмжээний болон түүнээс илүүгүй бэлэн мөнгийг хилээр мэдүүлэхгүйгээр нэвтрүүлж болох юм.
Төлбөрийн хэрэгсэл (вексель, банкны чек, үнэт цаас)-ийг үнийн дүнгээс үл хамааран заавал мэдүүлэх бол бэлэн бус банкны картанд байгаа мөнгийг мэдүүлэх шаардлагагүй.
Үнийн дүн нь $100,000-с их бэлэн мөнгийг мэдүүлэх бол тухайн төлбөрийн хэрэгслийн гарал үүслийг нотлох бичиг баримт шаардана.
Валютын ханшийг тухайн үеийн Оросын төв банкнаас зарласан ханшаар тооцно. Барааны үнийн болон жингийн норм хэтрүүлэх, түүнчлэн бэлэн мөнгө болон төлбөрийн хэрэгслийг зохих журмын дагуу мэдүүлээгүй нь захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай юм байна.
Л.ЭНХТУУЛ