Гэмтлийн эмнэлгийг “Содон”-той холбох зам газар чөлөөлтөөс болж, саатжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.11-нд нийтлэгдсэн

Гэмтлийн эмнэлгийг “Содон”-той холбох зам газар чөлөөлтөөс болж, саатжээ

Гэмтлийн эмнэлгийг “Содон”-той холбох зам газар чөлөөлтөөс болж, саатжээ

Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох авто замыг барихын тулд газар чөлөөлөлт хийх шаардлагатай ч зургаан иргэнтэй тохиролцоонд хүрч чадахгүй байгаагаас саатжээ. Тодруулбал, тогтоосон үнэлгээг нь хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин өндөр төлбөр нэхэмжилж буй юм байна.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригийн тайлбарлаж байгаагаар бол Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох авто замыг ирэх оны зургадугаар сард ашиглалтад оруулах ёстой. Ингэхдээ энэ жил шороо, далан овоолгын ажлыг 70 хувьтай хийж дуусгах, хучилтын ажлыг ирэх онд хийж дуусгахаар төлөвлөсөн. Газар чөлөөлөлт 2022 оноос хойш үргэлжилсэн. Нийт 356 нэгж талбар газар чөлөөлөлтөд өртөж байгаагаас одоогоор 34 нэгж талбар үлдсэн. Тодруулбал, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг хэрнээ хувь хүний нэр дээр байдаг газрын зургаан иргэнтэй ойлголцож чадахгүй өдийг хүрчээ. Тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилдэг. Үүнээс болж тус замын ажил саатсан байна. Хэрэв дээрх зам хугацаандаа баригдаж ашиглалтад орж чадвал хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болох аж.

Мөн Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулах ач холбогдолтой холбоос зам гэнэ.

“Содон” хороолол нь Сонгинохайрхан дүүрэгт харьяалагддаг. Тус дүүргээс Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар УИХ-д гурван ч удаа нэр дэвшин сонгогдож байсан бол Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нь 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын алба хашиж байсан. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө энэхүү замыг ашиглалтад оруулъя гэвэл тэд хашиж буй албан тушаалаа бодсон ч “хуучин” тойргийнхоо иргэдтэй зөвшилцөж, шийдвэрлэхэд гол үүрэг рольтой ажиллах шаардлага тулгарч байна гэж хэлж болно.

Нөгөө талдаа түгжрэл бол нийслэлчүүдийн шүдний өвчин болсон асуудал. Улаанбаатар хотын есөн дүүрэг дотроо сонгинохайрхан дүүрэг хамгийн их хүн амтай. Хүний олноо дагаад жилээс жилд түгжрэл асуудал болж хувирсан. “Содон” хорооллын баруун талын зам болох Толгойтоос-Геологийн төв лаборатори хүртэлх зам ид ачааллын үед буюу сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхэд өдөр бүр 0 зогсолт хийдэг. Хэрвээ Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох авто замыг ашиглалтад оруулж чадвал ачааллыг бууруулах боломж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж