Үерт өртсөн өрх, аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэх асуудлыг судлахаар болжээ. Тодруулбал, энэ долоо хоногийн Лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан Улаанбаатар хот болон орон нутагт зургаагаас наймдугаар сард болсон үерийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулжээ.
Үүнтэй холбогдуулан үерийн гамшигт өртсөн өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулах, холбогдох хуульд заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарт даалгажээ.
Мөн гамшигт нэрвэгдсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн бага хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар үйл ажиллагааг нь дэмжих талаар санал боловсруулж, танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.
Үүнээс гадна болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тэр дундаа үерийн эрсдэлтэй бүсэд газар олгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, цаашид газар олгохыг дүүргийн Газрын алба дангаараа шийдэх биш Геодози зураг зүйн газраас зөвшөөрөл авдаг болох эсэхийг судалж, наймдугаар сарын 11-ний Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулахыг сайд нарт даалгасан байна.