Арга нь барагдсан Б.Чойжилсүрэн ба алга болдоггүй утаа!

Хуучирсан мэдээ: 2023.08.14-нд нийтлэгдсэн

Арга нь барагдсан Б.Чойжилсүрэн ба алга болдоггүй утаа!

Арга нь барагдсан Б.Чойжилсүрэн ба алга болдоггүй утаа!

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойлжилсүрэн энэ өвөл Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд коксжсон нүүрс 45 хоног түлж, туршилт хийх санал гаргасан нь нийгэмд багагүй бухимдал төрүүлсэн.  Түүний гаргасан саналтай холбоотойгоор нийгэмд маргаан үүсээд байгаа юм.

Тэрбээр "Нийслэлээс 177.5 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тонн хагас коксжих нүүрсийг ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендер зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулсан. Энэхүү туршилтыг нийслэлчүүд та бүхэн дэмжиж өгөөч гэдгийг Эрчим хүчний сайдын хувьд ч тэр Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд ч гуйж байна" хэмээн мэдэгдээд буй. Гэхдээ 177.5 тэрбум төгрөгөөр авах коксжсон нүүрсийг туршиж үзсэнээр утаа бүрэн арилахгүй гэдгийг шударгаар хэлэв. Энэ тухай “Утааг бүрэн алга болгоно гэж гоё, сайхан үг хэлж худлаа ярихгүй. Харин утааг нүдэнд харагдах хэмжээнд багасгаж чадна гэдгийг би баттай хэлмээр байна. Агаарын бохирдлыг ямартай ч 50 хувь хүртэл бууруулах боломж байгаа" гэв.

Туршилтаар мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3 болсон. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байгаа учраас тэрбээр туршилтаас айхгүй байгаа гэдгээ зоригтой илэрхийлжээ. Түүнчлэн нэг тонн шахмал түлшний үнэ 1.5 сая орчим төгрөг болж байгаа. Иргэдэд нэг тонныг нь 150-200 мянган төгрөгийн хооронд борлуулна. Өөрөөр хэлбэл, нэг тонн шахмал түлшнээс 1.300.000-1.350.000 төгрөгийн алдагдал хүлээж байгаа ч үүнээс өөр арга алга гэнэ. Нэг ёсондоо аргалдаг Чойжоогийн арга мухардсан бололтой. “Бодит амьдрал ийм л байна. Энэ шийдлийг би хамгийн төгс төгөлдөр гарц гэж харахгүй байгаа. Гэхдээ зүгээр суухаар утааны эсрэг нэг туршилт хийж үзье л гэж байгаа юм. Ямартай ч энэ өвөл үүнийг Улаанбаатар хотод түлж туршиж үзнэ. Туршилт гэдэг үгнээс бид айхгүй байгаа. Угаасаа өөр арга байхгүй байна” гэв.

Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор хийж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, гаргасан бодлого шийдвэр, зарцуулсан төсөв мөнгийг яг бодитой тооцоолоход ч хүндрэлтэй. Нэг ёсондоо ёроолгүй сав шиг хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан. Үр дүн нойл. Агаарын бохирдлыг бууруулах биш агаарын бохирдолдоо уусан шингэж, утаа мэт замхарч байна. Хамгийн сүүлд гэхэд утааны эсрэг хамгийн төгс, туршигдсан арга хэмээн сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Угаар, тортог ихтэй ч утаа бага ялгаруулдаг гэж сүүлийн дөрвөн жил орчим туршсан. Гэтэл өнөөдөр Эрчим хүчний сайд, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн хэлж байгаагаар одоо хэрэглэж буй түлшийг манайхаас өөр олон улсад туршаад амжилтгүй гэдэг нь тогтоогдсон гэнэ.

Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшинд хордож болоод угаартаж нас барсан иргэдийн тоо хэдэн арваар тоологдоно. Арай ч нас барчихаагүй ч амьсгаатай, амьтай голтой өвлийг бардаг иргэд олон. Толгой өвдөх, дотор муухай оргих, бөөлжис цутгах шинж тэмдэг илэрдэг ч бурууг сайжруулсан шахмал түлшинд өгсөн удаа үгүй.

Гэтэл гэнэтхэн л Засгийн газрын гишүүн гарч ирээд өнгөрсөн хугацаанд хэрэглэсэн түлш ямар ч үр дүнгүй байсан юм байна. Энэ төсөл бүтэлгүйтлээ гэдгийг пал хийтэл хэлчихээд дараагийн хэрэгжүүлэх төслөө хэнэг ч үгүй танилцуулж байна. Цаашилбал, хүссэн хүсээгүй сайжруулсан шахмал түлшийг хагас коксжих нүүрсээр солихоос өөр аргагүй. Зоригтой шийдвэр, оролдлого хийж чадахгүй юм бол утаатайгаа л өвөлжинө. Харин эрсдэлтэй, хүнд хэцүү байсан ч гэсэн утаанаас салах оролдлого хийж үзэх нь бидний хувьд гарц шийдэл рүү дөхөж байгаа хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг бид туршиж үзэхгүй л бол утааны асуудалд ямар ч ахиц гаргаж чадахгүй. 177 тэрбум төгрөгийн өр тавиад үүнийг 45 хоног шатаагаад дуусгаж байгаа нь харамсалтай.

Нэг зүйл хэлэхэд туршилт амжилттай болсон ч нийслэлийн утааг 100 хувь шийдчихлээ гэсэн үг огт биш шүү. Одоо байгаа утааны хэмжээ, аюулт чанарыг хоёр дахин бууруулах асуудлыг л ярьж байгаа юм. Юмыг наанатай цаанатай ойлгож байх хэрэгтэй хэмээн заах, зандрахын дундуур хэлж байна.  Үр дүнгүй туршилтуудын золиос болсон иргэд хэнээс хариуцлага нэхэх вэ. Саяхан л утааг ялав гэх цагаан цамцтай постероор иргэдийн тархийг угаасан шүү дээ. Гэтэл одоо хэлсэн ярьснаасаа буцах. Нийслэл Улаанбаатар хотын иргэд үр дүнгүй туршилтын амьд туулайнууд болсоор л…..

Цаашид бид хэдий болтол БНХАУ-аас коксжсон нүүрс зөөх талаар тэрбээр хэлэхдээ, ирэх 2025 оны зургадугаар сар гэхэд хагас коксжих нүүрс боловсруулах үйлдвэрийг бид ашиглалтад оруулах ёстой. Одоо бидэнд ийм үйлдвэр байхгүй учраас бид хагас коксжих нүүрсийг БНХАУ-аас түр авъя гэж байгаа юм. Түүнээс биш түүхий нүүрс гаргадаг орон байж бусад орноос түүхий нүүрс дахин импортолно гэж ойлгож болохгүй. Бид бүтээгдэхүүн импортоор авах гэж байна. Түүнээс биш түүхий эд импортоор авах тухай асуудал огт биш. Үүнийг сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Хоёрдугаарт, 2023 ондоо багтаагаад 600 мянган тн хагас коксжих нүүрсний үйлдвэр барья гэж байгаа гэв. Ямартай ч 2025 он гэхэд дотооддоо хагас коксжих нүүрс боловсруулах үйлдвэр барих санаа сэдэл сайдын толгойд багтаж л байгаа юм байна. Хийх, хэлэх хоёр тэнгэр, газар шиг ялгаатай гэдгийг бид бүгд амьдралаараа туулж, нүдээрээ харж, чихээрээ сонссон. Тэгэхээр бас нэгэн үлгэрийн далай болчихгүй гэх баталгаа сайдын үгэнд даанч алга.

Түүнчлэн БНХАУ-аас авах хагас коксжих нүүрсийг хэн нэгний хувийн бизнес, шахаа гэж харах ч хүн олон байна. Тэгвэл энэ асуудалд тэрбээр хариулахдаа, "Энэхүү санал ажил хэрэг боллоо гэхэд ямар нэгэн шахаа, элдэв долоон хулгай луйвар гэсэн зүйл байхгүй.

Тендерийг нийслэл өөрөө зарлаж явуулна. Зарим хүмүүс нүүрс биш хийн түлшээр асуудлыг шийдвэрлэхгүй юм уу гэдэг. Гэтэл хий нь өөрөө нүүрснээс хоёр дахин илүү өртөг өндөр байгаа юм. Хоёрдугаарт, Монгол Улс хий үйлдвэрлэдэггүй. Үүнийг бид импортоор авдаг. Тиймээс манайх руу хий импортолж байгаа улс орон хийгээ зогсоолоо, ямар нэгэн асуудал гаргалаа гэхэд бид яах вэ. Айлуудаа хөлдөөх үү. Ийм эрсдэлтэй зүйлийг огт хийж болохгүй. Тэгэхээр бид аль болох шийдэлтэй өвлийг угтъя гэж байгаа юм. Түүнээс биш утаагаар улстөржих гээгүй. Энэ бол таны, миний эрүүл мэндэд асар их хор хөнөөл авчирч олон жил явсан асуудал учир одоо багасгах боломж юу байна, бүгдийг нь туршиж үзье. Зүгээр өвөл болохоор утааг яриад суух биш түүнээс нь өмнө ямар нэгэн байдлаар утааг алга болгох ажлыг туршиж үзэх шаардлагатай л гэж үзсэн. Өөр юу ч байхгүй" гэв.

Улаанбаатар хотыг утаагүй болгох чухал гарц гаргалгаа бол иргэдийг орон сууцжуулах гэдгийг хэн хүнгүй ярьдаг. Угтаа Эрчим хүчний сайдын тухайд барилгын салбарт ноёлож байгаа "Хурд" групптэй хамаарал бүхий учраас БНХАУ-аас нүүрс зөөх мөнгөөрөө иргэдээ орон сууцанд оруулах нь үр дүнтэй бөгөөд ашигтай ч байж болох. Гэтэл тэрбээр,  сүүлийн 10 гаруй жил Улаанбаатар хотод ашиглалтад орсон орон сууцны тоог бид гаргаж үзсэн. Хамгийн цөөхөн ашиглалтад орсон жилдээ бол 10 орчим, хамгийн ихдээ 17 мянган орон сууц ашиглалтад орж байгаа юм билээ. Гэр хороололд 230 мянган айл өрх бий. Гэтэл нийслэлийн хүн амын механик өсөлтийн тоотой тэнцэх орон сууц жилд баригдаж байгаа нь яндан буурахгүй байгаа гол шалтгаан болж байгаа юм. Тэр утгаараа бид нийслэлчүүдийг орон сууцжуулж, хойноос нь яваад үнэхээр гүйцэхгүй байгаа юм. Ойрын хэдэн арван жилдээ галаа түлээд явна, яндангийн тоо хэвээрээ байна гэж бодох хэрэгтэй. Тиймээс л бид түлж байгаа түлшнийх нь бохирдлыг бууруулъя, нийслэл хотын иргэд энэ өвөл өмнөх жилийнхээс хоёр дахин бага бохирдолтой агаар амьсгалъя л гэж зорьж байна. Энэ бол тийм төгс төгөлдөр шийдэл гэж би огт ярихгүй байгаа. Үнэхээр аргаа барсан л зүйл" гэв. Ямартай ч сайд Б.Чойжилсүрэнгийн  эцсийн арга нь ингээд барагдав бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж