Монгол Улсын гадаад валютын албан нөөц энэ оны долдугаар сарын байдлаар 3,827.42 сая ам.долларт хүрч, оны эхнээс 427.8 сая ам.доллар буюу 12.6 хувиар өссөн байна. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 948.8 сая ам.доллар буюу 33 хувиар өссөн гэдгийг Монголбанкнаас мэдээллээ. Жилийн өмнө буюу 2022 оны долдугаар сард валютын нөөц 2,878.60 сая ам.доллар байв.
Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг. Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрддэг.
- Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
- Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
- Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
- Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
- Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад активаас бүрдэнэ хэмээн хуульчилсан байдаг.
Холбоотой мэдээ