Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн оны сүүлээр Макаогийн загвараар хөрөнгө оруулагчид лиценз олгож, Хөшигийн хөндийд казинотой болох төсөл боловсруулснаа зарлаж байсан удаатай. Гэвч МАН дотор “нүүрсний” гэх тодотголтой том хулгайн хэрэг мандсан, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх “Шувуу”, “Шүүр”, “Шүгэл” зэрэг тусгай ажиллагаа хэрэгжүүлснээс болсон уу, казино байгуулах төлөвлөгөө нь бүтэлтгүйтэв үү гэлтэй хууль нь батлагдалгүй, хаврын чуулганыг хаасан юм.
Уг нь сайд Х.Нямбаатар “Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго дор холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас боловсруулсан, яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлж, батлуулна. Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулахын тулд таван жилийн турш судалгаа хийсэн” гэдгээ мэдэгдэж байв.
Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төсөлд тусгаснаар 300 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулах бизнес эрхлэгч казино байгуулах эрхэд өрсөлдөнө. Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлана. Төрөөс казино байгуулж ажиллах эрхийг 30 жилээр олгоно. Хууль тогтоомжийг мөрдөж ажилласан нөхцөлд хугацааг нь 10 жилээр сунгана.
Казиногийн үйл ажиллагаанаас олсон нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 40 хувиар, эсхүл казиногийн ширээ, автомат тоглоом, тотализатор, букмейкерийн төвийн нэгж тус бүрээс 7 хоног бүр татвар ногдуулж авна. ОАТ-ын хувь хэмжээг өндөр хувиар тогтоосон тул үйл ажиллагаа эрхлэгчийг ААНОАТ, НӨАТ-аас чөлөөлнө. Казино эрхлэгчид өндөр татвар ногдуулсан тул тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй.
Мөн 30 жилийн дараа нийт ширээний 50 хувь нь Засгийн газрын өмчлөлд шилжиж ирнэ.
Харин казиногоор Монгол Улсын иргэн үйлчлүүлэх хориотой. Хэрэв тус бүс рүү албан үүрэгтэй нь хамааралгүй шалтгаанаар Монгол Улсын иргэнийг нэвтрүүлсэн бол ноцтой зөрчилд тооцож, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авахаар хуульд тусгасан юм. Казино байгуулснаар 15-20 мянган ажлын байр шинээр бий болно.
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс нь 1000 га газар бөгөөд дэд бүтцийн ерөнхий төлөвлөгөөг хийж эхэлсэн, бүсэд дотоодын олон мянган аж ахуйн нэгж бизнес эрхлэх боломжтой байхаар зохицуулалт хийж буй.
Дэлхийн улс орнууд казино байгуулж, аялал жуулчлалын салбараа тултал хөгжүүлж, эдийн засгийн өсөлтөө хангасан жишээ олон. Судалгаагаар дэлхийн 156 орон 5825 казино ажиллуулж, ашиг хийж байна.
Харин Монголд казино байгуулах оролдлогууд хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэн, хэлэлцүүлэг өрнөсний дараагаас дарагддаг, буцаагддаг, бүр санаачлагчид нь шоронд орсон тохиолдлууд ч бий.
Тодруулбал, хамгийн анхны казино байгуулах санаачлага 1998 онд гарсан ч хуулийн төслийг боловсруулсан гишүүдийг нь авлига авсан үндэслэлээр шоронд хорьж, төслийг нь хүчингүй болгосноор энэ асуудлыг хаасан.
Харин хоёр дахь төслийг 2007 онд Р.Гончигдорж тэргүүтэй гишүүд санаачлан боловсруулсан ч гадаадын хөрөнгө оруулагчдын захиалгаар төсөл боловсрууллаа гэх сенсаци дэгдэж, бас л бүтэлгүйтсэн. Гурав дахь санаачлагыг 2009 онд Ардчилсан нам, МАН-ын гишүүд гаргаж, хуулийн төсөл боловсруулсан ч мөн л амжилт олоогүй.
Дөрөв дэх санаачлагыг Ардчилсан нам 2012 онд Засгийн эрх авсны даргаа гаргасан ч бас л бүтэлгүйтсэн. МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Казино байгуулах тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-аар хэлэлцэж эхэлсэн ч дэмжлэг авалгүй төсөл санаачлагчдад нь буцаасан.
Зургаа дахь нь гэж хэлж болох санаачлагыг Л.Оюун-Эрдэнийн танхим гаргасан ч мөн л төслийг баталж чадах уу, үгүй юу УИХ-ын сонгуультай тулж мэдэхээр байна. Учир нь, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн нэгдүгээр сард Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонх нь “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн ч цааш хэлэлцүүлэг өрнөөгүй зогссон гэж хэлж болно.
Хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Монгол хүнийг казиногийн байгууламж руу нэвтрэх, тоглохыг хориглох тухай заалт нь Үндсэн хуультай харшилж байна” гэдэг асуудлыг хөндсөн бол УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Бусад улс орнуудад казинод 18-22 хувийн татвар тогтоодог бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд 40 хувь гэсэн нь хэт өндөр" гэж үзэж байв.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын иргэд цахим мөрийтэй тоглоомын нэг л платформ дээр сар тутам 30 гаруй тэрбум төгрөгийг гадагшаа алдаж байгаа гэх статистик мэдээллийг Хууль зүйн сайд өгсөн нь төслийг нэлээн ултай суурьтай судлах шаардлага үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ төсөлд дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулагч талтай консорциум болж ажиллах нь нээлттэй, тусгай зөвшөөрлөө Засгийн газраас авснаас хойш гурван жилийн дотор үйл ажиллагаагаа эхлүүлэх ёстой гэдэг шаардлага тавьсан нь хэн нэгний эрх ашигт нь хөтлөгдөөд гацаачихсан юм биш байгаа гэх хардлага руу ч давхар хөтөлж буй аж.
Засгийн газар энэ оныг аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд 1 сая жуулчин хүлээн авахаа мэдэгдсэн ч одоогоор 300 мянга гаруй жуулчин ирсэн мэдээлэл бий. Тодруулж хэлбэл, наймдугаар сар гарсан ч 50 хувьдаа хүрээгүй байна гэж хэлж болно. Гэхдээ Монголд мөнгөтэй жуулчид ирдэг нь ховор. Харин дэлхийн хамгийн их мөнгөтэй хүмүүсийг татах хөшүүрэг нь казино.
Гэвч казино байгуулж, дэлхийн баячуудын валютыг сэгсэрч, эдийн засгаа солонгоруулах төлөвлөгөө тун ч бүтэл муутай байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ