Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат аймгийн хурц Арслан Д.Төрболд Өвөрмонгол бөхийн барилдаанд түрүүлж, даагаар шагнуулсан байна. Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох найман барилдааны товыг гаргаад буй. Тэдгээрээс энэ долоо хоногт 20 саяын шагналтай 256 бөхийн барилдаан болсон бөгөөд Монголоос 10 бөхийг урилгаар оролцуулсан. Тодруулбал, Өвөрмонголын Ордос хотод болсон Өвөрмонгол 256 бөхийн барилдаанд урилгаар оролцсон аймгийн хурц Арслан Д.Төрболд түрүүлжээ.
Урилгаар оролцуулж байгаа 10 бөхийн Эрээн хотоос Ордос хот хүртэлх замын зардал, байр хоолыг зохион байгуулагч талаас хариуцсан бөгөөд тус барилдааны түрүү бөхийн шагнал 20 сая төгрөг.
Мөн энэ сарын 27-нд Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит сүмо бөхийн нээлттэй тэмцээн болох бөгөөд шагналын сан 30 сая төгрөг байна.
Энэ сард болох бусад барилдааны хуваарь:
- Наймдугаар сарын 13-14-нд ОХУ-ын Тува улсын үндэсний баяр наадам Кызыл хотод болно. Урилгаар таван бөх оролцох бөгөөд нэрсийг Тува улсын Спортын яаманд хүргүүлэх юм.
- Наймдугаар сарын 19-нд 11:00 цагаас Налайх дүүргийн Налайхын голын эхэнд "Нүүдэлчин монгол" фестивалын 64 бөхийн барилдаан. Түрүү бөх 3 сая төгрөг.
- Наймдугаар сарын 26-нд ОХУ-ын Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит 256 бөхийн барилдаан Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна. Түрүү бөхөд авто машины шагналтай.
- Наймдугаар сарын 27-нд Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит сумо бөхийн нээлттэй тэмцээн 85 кг, -115 кг, +115 кг жингийн ангиллаар Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна. Түрүү бөх тус бүр 30 сая төгрөгний мөнгөн шагналтай гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
Холбоотой мэдээ