Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос өнөөдөр /2023.08.11/ үерийн дараах нөхцөл байдалд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар мэдээлэл хийж байна.
Онцгой комиссоос үерийн дараах нөхцөлд бодит байдлын үнэлгээ хийж судалгааны дүнг гаргасан байна. Тодруулбал, Нийт 360 айлд тусламж хэрэгтэй байгаагаас 47 айл гэр оронгүй болсон. Өнөөдөр эхний ээлжид 20 айлд нийслэлээс гэр олгоно. Дүүргийн хандивын дансанд одоогоор 28 сая төгрөгийн хандив цугласан. Түр хоноглох боломжтой байранд үерт өртсөн 187 иргэн үйлчлүүлсэн. Үүнээс 109 нь хоногоор үйлчлүүлсэн. Ирсэн иргэдэд шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлж ажиллаж байна.
Дүүрэг, нийслэлийн зүгээр үерт өртсөн бүх хүмүүст шаардлагатай хүнс болон эд материалын тусламж өгөхөөр ажиллаж байгаа. Ямартай ч эхний ээлжид нэн шаардлагатай өрхүүдэд гэр олгоно.
БЗД-ийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга н.ШИНЭ-ОРГИЛ:
-Үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор БЗД-ийн 21, 27, 29 дүгээр хороонд хамгийн ойр барших газруудад газар зохион байгуулалт өгөхөөр ажиллаж байна. Газрын зөвшөөрөлтэй 220 гаруй, зөвшөөрөлгүй 46 айл үерт өртөж гэр нь урссан. Эхний ээлжид зөвшөөрөлгүй хүмүүст газрын зөвшөөрлийн захирамж гаргаж, 20-д гэр барьж өгөхөөр болсон.
Үерт өртсөн зөвшөөрөлгүй байршилд байсан айлууд дээд тал нь 7-8 жил тухайн газар амьдарсан. Онцгой болон холбогдох бусад албадаас зөвлөсөн нүүх шаардлагыг хүлээж аваагүйгээс асуудал хүндэрсэн.
НИТХ-ын захирамж гарч 1000 га газрыг бэлдээд байна. Гуу жалга, эрсдэлтэй бүс, онцгой дэглэмийн хамгаалалттай бүсэд амьдарч байгаа иргэд хороо, дүүрэгтээ хандаж зөвшөөрөлтэй газарт нүүж байрших боломжтой болсон.
ХУУЛИЙН ХҮРЭЭНД ҮЕРИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛНА
Мөн тус дүүргийн хууль эрхзүйн хэлтсийн мэргэжилтэн "Үерт өртсөн нийт айлуудад хууль эрх зүйн хүрээнд хохирлыг барагдуулах арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэд Газрын тухай хуульд заасан зохих болзол нөхцөлд заасны дагуу газар эзэмших зохицуулалттай. Тиймээс төлөвлөгөөнд тусгагдсан байршилд л газар олгож, тэнд буух боломжтой.
Наймдугаар сарын 5-нд үүссэн үерийн эрсдэл их байсан. Гэсэн ч газрын зөвшөөрөлгүй бүсэд байсан айлуудыг яаралтай зөвшөөрөлтэй хэсэг рүү нүүлгэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу бид нүүлгэн шилжүүлэлт хийж, эрх зүйн хүрээнд шаардлагатай үйлчилгээг үзүүлнэ" гэдгийг мөн онцоллоо.
Холбоотой мэдээ