Дроны халдлагын улмаас Москвагийн Внуково болон Домодедово нисэх буудлуудад өчигдөр /2023.08.10/ хязгаарлалт хийжээ. Нисэх буудлаас хамааралгүй шалтгаанаар хязгаарлалт хийгдсэн гэдгийг Внуково нисэх буудлаас мэдэгдсэн байна. Харин Домодедово нисэх буудал нислэгийн аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээг хангах зорилгоор ийм шийдвэр гарсан гэж мэдэгджээ. Үүнээс болж олон арван нислэг хойшлогдож, чиглэлээ өөрчилсөн аж.
Телеграмд мэдээлснээр, нисэх онгоц юм уу өөр ямар нэг биет илэрсэн учир нисэх буудлууд нислэгийн хязгаарлалт хийсэн байна. Орон нутгийн оршин суугчид дэлбэрэх чимээ сонссон гэж мөн цахим сүлжээнд бичжээ. Нэг дрон буудаж унагаахыг харсан гэх гэрч ч гарч иржээ.
Внуково нисэх буудлаас онгоцонд суусан нэг зорчигч Москвагийн тэнгэрт эмх замбараагүй байдал үүссэн талаар мэдэгдсэн байна. "Би Внуковогоос онгоцонд суусан. Гэтэл агаарын орон зай хаагдсан. Онгоцууд Рязаныг тойрон эргэлдэж, газардахгүй байсан. Шатахуун багатайнууд нь Шереметьево руу ниссэн. Дрон нисээд байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэжээ.
Шөнийн 04:00 цагийн үед агаарын довтолгооноос хамгаалах систем хотын дээгүүр нисч байсан хоёр байлдааны дроныг идэвхгүй болгосон гэж Москвагийн захирагч Сергей Собянин мэдэгдэв. Нэг дрон нь Калуга мужид, нөгөөх нь Москвагийн засаг захиргааны төв дүүргийн ойролцоо харагджээ. ОХУ-ын нийслэл болон бусад хэсэгт дроны халдлага сүүлийн үед эрчимжих болсон. Тухайлбал, наймдугаар сарын 6-нд нэгэн дрон Москвагийн агаарын хилийг зөрчихийг завдсан тул Внуково нисэх буудлын нислэгүүдийг хойшлуулсан талаар мэдэгдэж байв.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ