Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Драгон" авто вокзалыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, авто вокзалыг наймдугаар сарын 21-ний дотор тус дүүргийн Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” компанийн байр руу нүүхээр шийдвэрлэсэн болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлжээ.
Авто вокзалаас хот хоорондын 48 чиглэлд 58 аж ахуйн нэгж, байгууллагын 700 гаруй автобус явж, жилд дунджаар 1.5 сая гаруй зорчигч тээвэрлэдэг байна.
Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос авто вокзалыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудлаар зарим иргэд өчигдөр /2023.08.10/ Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр Хот хоорондын тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Ёндонжамц хэлэхдээ "Драгон авто вокзалыг нүүлгэх шийдвэр ЗТХЯ-наас гарсантай холбогдуулан мэдээлэл өгөх гэж ирлээ. Авто вокзал 2001 онд байгуулагдсанаас хойш өдийг хүртэл одоогийн байршилдаа үйл ажиллагаа явуулж байна.
Одоо Драгонд хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийгээд стандарт хангасан авто вокзал барих ажлыг энэ оны тавдугаар сараас эхлүүлээд байна. Уг авто вокзалаас орон нутгийн 30 гаруй чиглэлд зорчигч тээврийн автобус явдаг. Драгон авто вокзалыг стандартын дагуу нүүлгэхийг эсэргүүцэхгүй. Гэхдээ тавдугаар баазын цаана буй "Номин Холдин" компанийн агуулах руу нүүлгэх шийдвэр гараад байна. Тэнд стандартын бус, гурван чиглэлд богино эргэлтийн автобус явдаг газар. Драгон авто вокзалыг нүүлгэх шийдвэр нь иргэд, үйлчлүүлэгчийг хохироосон шийдвэр байна" гэдгийг хэлж байв.
Холбоотой мэдээ