Хавайн арлуудын бүлэгт орших Мауи арал болон бусад зургаан хэсэгт гал түймэр дэгдэж, зургаан хүн нас барсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл Дора хар салхинаас үүдэлтэй гал түймэрт өртөн нас барагсдын тоо хамгийн сүүлийн мэдээллээр 53 хүрээд байна.
Гал түймэрт хамгийн их өртсөн хэсэг нь Мауи арал дээрх түүхэн дурсгалт Лахайна хот юм. Тус хотод 1000 гаруй барилга байгууламж шатаж байна.
Хавайн арал 1960 онд цунамид өртөж, 61 хүн нас барж байсан. Өдгөө нас барагсдын тоо энэ гамшгийн үеийнхийг давж гарах магадлалтай болов. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатайгаар энэ мэт гамшиг улам өсөх эрсдэлтэй байгааг цаг уурчид анхааруулж буй.
Мауи арал дээр тог цахилгаан, утасны сүлжээ тасалдсан бөгөөд 911 рүү залгахад ч доголдол үүсч байгаа аж. Лхагва гаригийн байдлаар 11 мянга орчим жуулчин Мауигаас ниссэн. Харин Пүрэв гаригт 1500 орчим хүнийг нисгэнэ гэж төлөвлөсөн байжээ. Зэргэлдээ Хонолулу арал руу жуулчдыг шилжүүлэхээр бэлтгэжээ. Мөн Мауи дахь Кахулуй хотод сураггүй алга болсон хүнээ хайж буй иргэдэд зориулсан гэр бүлд туслах төвийг нээсэн байна.
Үндэсний гвардын нисдэг тэргүүд 568 мянган литр усыг дээрээс шүршжээ. Мөн Эргийн хамгаалалтынхан галаас зугтаж ус руу үсэрсэн 14 хүнийг аварсан байна.
Эх сурвалж: AP