"Их-20"-ийн дээд хэмжээний уулзалт ирэх сарын 9-10-ны хооронд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болно. ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэ уулзалтад биечлэн оролцохоо үгүйсгээгүй гэдгийг Кремлийн эх сурвалж мэдэгдлээ. Хэрвээ Путин уулзалтад оролцвол дайн эхэлснээс хойш барууны удирдагчидтай анх удаа нүүр тулах юм.
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль есөн сарын дараа болно. Украины дайнаас үүдэлтэйгээр тусгаарлагдаад байсан Оросын ерөнхийлөгч сонгуулиас өмнө дэлхийн тавцанд дахин гарах хүсэлтэй байна. Тэрбээр "Их-20"-ийн уулзалтын үеэр барууныханд төдийлөн элэгтэй бус улс орнуудыг өөртөө татахыг эрмэлзэнэ гэж үзэж байна.
Уулзалтад оролцох эсэх нь түүний хувьд багагүй эрсдэлтэй шийдвэр болох аж. "Энэ уулзалт улс төрийн хувьд Путинд чиглэсэн түрэмгий уулзалт болж магадгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросыг шүүмжлэгчдэд онцгойлон анхаарал хандуулна. Ерөнхийлөгч Путин Оросын үзэл бодлыг илэрхийлж чадах эсэх нь хамгийн чухал. Тэр цахимаар оролцох юм уу, эсвэл бүр цуцалж ч магадгүй юм" гэж Москвагийн их сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнгийн профессор Алексей Маслов хэллээ.
ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсний дараа Австралид "Их-20"-ийн уулзалтад болж байв. Энэ үеэр Путиныг гадуурхах хандлага мөн гарч байжээ. Тиймээс энэ удаагийн "Их-20"-ийн уулзалтын таамаглал нь хоосон санаа зоволт биш ажээ.
Ямартай ч ирэх сард болох "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтыг сүүлийн жилүүдэд тохиогоогүй хамгийн маргаантай уулзалт болно гэж таамаглаж байна. Учир нь өнгөрсөн сард болсон "Их-20"-ийн Сангийн сайд нарын уулзалтаар Украины асуудлаарх санал зөрөлдөөн хурцадсан тул гишүүд ердийн хамтарсан мэдэгдэл хийгээгүй билээ.
Эх сурвалж: NBC NEWS
Холбоотой мэдээ