"177 тэрбум төгрөгөөр туршилт хийх хэрэггүй, орон сууцжуул"

Хуучирсан мэдээ: 2023.08.11-нд нийтлэгдсэн

"177 тэрбум төгрөгөөр туршилт хийх хэрэггүй, орон сууцжуул"

"177 тэрбум төгрөгөөр туршилт хийх хэрэггүй, орон сууцжуул"

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар энэ сарын 8-нд Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулахын тулд БНХАУ-аас 177.5 тэрбум төгрөгөөр коксжсон нүүрс худалдан авах шийдвэр гаргасан юм. Тухайн мөнгөний эх үүсвэрийг бонд гаргаж, шийдвэрлэнэ. Өнгөрсөн 20 гаруй жил агаарын бохирдолтой тэмцэхээр үе үеийн Засгийн газар, хотын удирдлагууд олон төрлийн арга хэмжээ авч, хэдэн их наяд төгрөг зарцуулсан боловч үр дүнд хүрсэнгүй.

Тухайлбал, 2017 онд Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Гэвч шахмал түлшинд иргэд угаартаж, нас барсан, агаарын бохирдол дорвитой буураагүйээс хүн амын дундах өвчлөл ихэссэн гээд тоочвол маш олон  сөрөг үр дагавар дагуулж буй. Иймээс хагас коксжуулсан түлшийг энэ жилээс хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон нь энэ. Иргэд энэ асуудалд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Иргэдээ орон сууцанд оруулах ажлыг хийх хэрэгтэй шүү дээ

 –Энэ бол дэмий  шийдвэр. Монгол Улс БНХАУ-руу нүүрс нийлүүлдэг. Гэтэл одоо нийлүүлсэн нүүрсээ эргээд өндөр үнээр авах гэж байна. Цаад санаа нь баяжуулсан нүүрс авах талаар ярьж байгаа юм билээ. Бид хэдий болтол бүх зүйлээрээ хоёр хөрш орноосоо хараат амьдрах юм бэ. Бүхэл бүтэн улс юм бол эх орондоо түлшээ өөрсдөө үйлдвэрлэдэг болмоор байна. Олон жил уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортоллоо. Нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах талаар олон жил ярилаа. Ярихаас өөрийг хийхгүй байгаа нь өнөөдөр биднийг ийм ядмаг шийдвэр гаргахад хүргэж байна.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын утааг бууруулахад зарцуулсан нийт мөнгөний хэмжээг тооцож үзэх юм бол гэр хороололд амьдарч байгаа иргэдээ орон сууцанд оруулчих хэмжээний хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан гэж дуулддаг юм билээ. Одоо дахиад нүүрсний асуудал хөндөж байхаар гэр хороололдоо дахин төлөвлөлтийг эрчимтэй зохион байгуулаад иргэдээ орон сууцанд оруулах хэрэгтэй шүү дээ. Улаанбаатар хотын утааг бууруулах ганц үр дүнтэй арга бол ердөө л иргэдээ орон сууцанд амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэх.

Энэ бол бизнес бас луйвар

-Энэ бол бизнес,  бизнесдээ бүр луйвар. Өөр ямар ч асуудал байхгүй. Сохор, доголон, дүлий хүн байсан ч МАН, АН-ынхан нийлж утаагаар далимдуулж луйвар хийх гэж байгааг ойлгож байна, мэдэрч байна. Ингэж иргэдээ доромжлох ямар хэрэг байсан юм бэ. Бонд гаргаж 170 гаруй тэрбум төгрөг зарцуулна гэнэ үү. Эд нар утааг бууруулахын тулд яг юу хийсэн юм бэ. Юу ч хийгээгүй.

Тавантолгойн коксжсон нүүрсийг ашиглая гэдэг асуудлыг 20 гаруй жилийн өмнөөс л ярьсан. Улаанбаатар хотын утаа 50 хувь биш юм аа гэхэд 40 хувь багасна. Төрийн толгойд юм мэддэггүй хүмүүс гарахаар улс орон сүйрчихэж байгаа юм. Иргэд элгээрээ хэвтлээ. Иргэдээ боддог нэг ч хүн алга. Хамгийн түрүүнд өөрсдийн бизнесээ, луйвраа л бодож байна. Одоо болио. Төрд гарсан хэн ч агаарын бохирдлын эсрэг дорвитой ажил хийж чадахгүй юм байна. Төрд шургалж хувийн бизнесээ яаж өргөжүүлж, хөгжүүлэх вэ л гэж бодож байна. Нэг л өдөр иргэд, олон нийт босно шүү.

Утааг бууруулах олон арга бий. Нүүрснээсээ гарч сэтгэ

-Монгол Улс нүүрсний нөөц баялаг арвинтай орон. Тийм байхад БНХАУ-аас нүүрс импортоор авна гэдгийг ерөөсөө ч ойлгохгүй байна. Миний хувьд Зүүнсалаанд гэр хороололд амьдардаг. Гэхдээ гэртээ шалны халаалт тавьчихсан. Шалны халаалт хэрэглэхэд цахилгааны эх үүсвэр нь өртөг өндөр. Заавал 380-ын утастай байх ёстой. Гэхдээ зээл авч байгаад ч болов шалны халаалт тавьчихсан учраас байрны айлаас дутахааргүй тав тухтай байдаг. Утаа үйлдвэрлэхгүй байна. Тийм учраас иргэдийг хашаандаа сайхан амьдрах боломжоор хангах, яндангаа буулгаж, цахилгаан эрчим хүч болоод нарны эрчим хүчийг ашиглаж шалны халаалт ашиглах орчин нөхцлийг бүрдүүлж, төрөөс багахан хэмжээний төсөв өгчихөл агаарын бохирдлыг бодитой бууруулж чадна. Нүүрснээс гадна утааг бууруулах олон арга бий. Нүүрснээсээ гарч сэтгэх хэрэгтэй байна.

Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд үнэгүй туршилтын туулай болчихсон юм уу

-Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх нэрээр өчнөөн төгрөгийг тэрбум тэрбумаар нь идсэн. Гэтэл өнгөрсөн өвлийн утаа гамшгийн байдалд хүрсэн шүү дээ. Ямар учиртай юм. Үнэхээр сайжруулсан шахмал түлш юм уу, өөр бүтээгдэхүүн юм уу. Олон арван хүн "Тавантолгой түлш" компанийн түлшинд угаартаж амь насаа алдсан. Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд үнэгүй туршилтын туулай болчихсон юм уу. Энэ болохгүй бол тэрийг туршина гээд л сууж байдаг. Бид бүгдээрээ бусад орны жишгээр тэмцмээр байна. Гараад зогсох ёстой бол зогсмоор байна.

Сүүлийн үед төр, Засгийн газрыг шүүмжилсэн болгоныг барьж хорьж байна. Ингээд байхаар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээсээ иргэд айж байна. Үгээ хэлж чадахгүй болцгоож байна. Ганц нэг хүн мөнгөөр дуугардаг байхыг ч үгүйсгэхгүй. Засгийн газрын ордон дотор иргэдийг төлөөлж байгаа нэртэй сууж байгаа 76 мануухай одоо огцор. Юун 126 болгох вэ. Иргэд чинь туйлдаж дууслаа. Хэдэн зуун сая доллар, хэдэн арван тэрбум төгрөг л гэж сонсогддог боллоо. Энэ хэмжээний мөнгө энгийн иргэд бидний ухаан санаанд багтахгүй. Бид өнөөдөр 1-2 сая төгрөгийн цалин авч байгаа. Тийм байхад тэр том тоонуудыг яаж ойлгох юм бэ. Маш олон зүйл дээр бухимдаж байна. Бүх зүйл нь 00. Үнэндээ гуравхан сая иргэнийг сайхан амьдруулах асуудал яригдаж байгаа юм шүү дээ. Дэлхийн бусад улс орнууд 30-40 сая, 300-400 сая иргэнийг сайхан амьдруулж болоод байна. Одоо бол үерт урсаад, машинд дайруулаад, угаартаад үхэх нь байж л байдаг хэвийн үзэгдэл болтлоо иргэддээ ээлтэй биш нийгмийг бүтээсэн байна. Маш их харамсаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж