Орон сууцны үнэ барилгын материалын хомсдол, үнэ нэмэгдсэн шалтгаанаар 2021-2022 онд тасралтгүй өссөн. Тухайлбал, өнгөрсөн 2021 хуучин орон сууцны дундаж үнэ 1.6-1.9 сая төгрөг байсан бол шинэ нь 2.3-2.8 сая төгрөгөөр үнэлэгдэж байв. 2022 оны гуравдугаар сард хуучин байрны дундаж үнэ 2-2.2 сая, шинэ орон сууцны дундаж үнэ 3.3 сая төгрөгөөс эхэлж байсан. Харин долдугаар сарын статистик мэдээллээр хуучин байрны метр квадратын үнэ 2.2 сая төгрөг болж өссөн. Тэгвэл энэ сараас орон сууцны үнэ хямдарч эхэлсэн байна.
2020-2022 онд орон сууцны үнэ 18 хувиар өсчээ. Мөн шинээр баригдаж буй 51 мянган орон сууцны төслийн 50 гаруй хувь нь Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа аж. Харин энэ жилээс улирал тутамд метр квадратын үнэ 100-200 мянган төгрөг буурчээ.
Үнэ нэмэгдсэн шалтгааныг барилгын компаниуд бараа, материал хомсдсонтой холбон тайлбарлаж буй. Барилгын гол нэр төрлийн материал, төмөр бүтэц эдлэл болох арматурын үнэ өнгөрсөн оны 7-9 дүгээр сард тонн нь 3.2 сая төгрөгт хүрч нэмэгдсэн. Өнгөрсөн 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар арматурын дундаж үнэ нэг тонн нь 2.9 сая төгрөг болж буурч, улмаар он гарснаар шинэ, хуучин байрны үнэ буурч байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэгчдээс 100 хувь хангадаг болсны үр дүнд цемент, бетон зуурмагийн үнэ тогтвортой байгаа аж.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар арматурын дундаж үнэ нэг тонн нь 2.9 сая төгрөг болж буурсан нь байрны үнэ буурахад нөлөөлсөн болохыг үл хөдлөн хөрөнгийн зуучлагчид хэлж байна.
Гэсэн ч наадмын дараагаас барилгын зарим нэр төрлийн бараа материалын үнэ дахин хөөрөгдөж эхэлж. Өдгөө цементийн дундаж үнэ 300-330 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж буй бол бетон зуурмагийн дундаж үнэ нэг метр куб нь 160-210 мянган төгрөгийн хооронд байна. Тиймээс иргэд барилгын гол материалын үнэ буурч байгаа ч шинэ орон сууцны үнэлгээ улам өсч буйд хяналт тавихыг хүсч байна.
Холбоотой мэдээ