ОХУ-ын ерөнхийлөгч Путин ахлах сургуулийн арваннэгдүгээр ангийн түүхийн сурах бичгийг шинэчлэн гаргах тушаалыг жилийн өмнө өгсөн. Тэгвэл түрэмгийллийг зөвтгөж, Москваг барууны заль мэхэнд унасан золиос болгож харагдуулах зорилготой шинэ сурах бичиг хэвлэлтээс гарчээ.
Суртал ухуулгын агуулгатай шинэ сурах бичигт “Владимир Путин Украиныг эзлэн түрэмгийлснээр хүн төрөлхтний соёл иргэншлийг аварсан” гэж бичсэн байна. Мөн “Путиныг дайн эхлүүлэхээр шийдэх үед Украин НАТО-д элсэх гэж байсан. Украин алсдаа эвсэлд элсэх нь хэвээрээ байгаа тул ОХУ-аас НАТО-д дайн зарлахад хүргэнэ. Энэ нь соёл иргэншлийн төгсгөл байж болох юм. Бид үүнийг зөвшөөрөх боломжгүй байсан. Хэрвээ Путин Украин руу дайралгүй хүлээсэн бол 1941 онд Орос руу нацист Герман түрэмгийлсэнтэй адил зүйл болох байсан” гэж бичжээ.
Уг сурах бичгийг ОХУ-ын Соёлын сайд асан Владимир Мединский зохиолцжээ. Тэрбээр “Орос бол баатруудын орон” гэсэн бүлгийг бие даан бичсэн байна. Энэ бүлэгт Оросын 18 командлагчийн Украин дахь эр зоригийн талаар товч өгүүлжээ.
Цаашилбал, шинэ сурах бичигт украинчууд 2014 оноос өмнө Хар тэнгисийн Севастополь боомтыг НАТО-гийн бааз болгохоор төлөвлөж байсан гэж бичжээ. Мөн Украины зүүн хэсэгт дэгдсэн салан тусгаарлагчдын дайныг нутгийн иргэдийн бослого гэж тайлбарласан байна.
Түүхийн сурах бичгийн өмнөх хэвлэлүүдэд Зөвлөлтийн дараах түүхэн үйл явдлуудыг ховорхон дурдсан байдаг.
Шинэ сурах бичгийг ирэх сард хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Оросын бүх сургуульд тараах үүрэг өгчээ. Харин Оросын Багш нарын холбооноос мэдэгдэл хийхдээ “Хүүхдийн тархи угаах гэсэн оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй эцэг эхчүүд байвал түүхийн хичээлийг гэрээр заалгаж болно” гэжээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH