"The Global Organization Of Dreamers" буюу Японы GOOD олон улсын сайн дурын байгууллагын 22 гишүүн Б.Бат-Эрдэнэ (ББ) сан, "Гэрэл асаая клуб"-ын урилгаар Монголд ирлээ.
Өнгөрсөн онд "Гэрэл асаая клуб", GOOD 5 жилийн хугацаатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаа үргэлжилж тэд Эрдэнэт хотод сайн дурын ажил хийхээр ийнхүү ирж байгаа юм. Түүнчлэн Монголын ёс заншил, уламжлалтай танилцах зорилготой. Тэд энэ удаа “Гэрэл асаая” клубын залуустай хамтран Орхон аймгийн Их залуу багийн өргөн гудамд байрлах хүүхдийн тоглоомын талбай, худгийн гадна засвар тохижилтын ажлыг үнэ төлбөргүй хийх юм байна. Дөрөв хоног ажиллахдаа тус орчмын зэрлэгийг зулгааж хог түүн будгийн ажил хийхээр төлөвлөжээ.
Global Organization Of Dreamers байгууллагын залуус ихэнх нь оюутан сурагчид байдаг бөгөөд тэд кофе шоп, ресторанд цагийн ажил хийж цуглуулсан мөнгөө Монголд гэрэл асаахад зарцуулж байгаа юм байна.
Сайн дурын залуус маань Монгол, Япон холилдон багт хуваагдаж гагнуур, будаг, шаврын ажил хийж байгаа бөгөөд харилцан ярилцаж хоёр орны соёл уламжлал, ажиллах арга барил зэрэг олон туршлагаа хуваалцаж буй нь энэ аж.
Л.ЭНХТУУЛ