Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн хичээлийн шинэ байрыг энэ жилээс эхлэн шинэчлэн барихаар болсон. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүднээс Улаанбаатар сургуулийн хичээлийн байранд түр хугацаагаар хичээллэх шийдвэрийг МУИС-ийн Удирдах зөвлөлөөс гаргаад байна.
Тус шийдвэртэй холбоотойгоор МУИС-ийн төв байрнаас Улаанбаатар сургууль руу очих замыг QR кодыг уншуулан харах боломжтой аж.
Сануулахад, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Барилгын шав тавих ёслол өнгөрсөн оны есдүгээр сард болж байсан юм.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1957 онд Хууль зүйн их дээд сургууль байгуулах тогтоол гарч, 1960 оны есдүгээр сарын 1-ний өдөр Нийгмийн ухааны факультетын дэргэд анхныхаа хичээлийг орж байсан түүхтэй. Улмаар 1970-аад онд хуулийн салбар өргөжин тэлж, 1993 онд Хууль зүйн факультетыг байгуулж, түүнээс хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн байр нь МУИС-ийн 3Б байр болсон түүхтэй. Гэвч хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Иймээс тус сургуулийн багш, ажилтны ажиллах орчныг сайжруулах, оюутан суралцагчдын боловсрох нөхцөлийг хангах зорилгоор орчин үеийн шийдэлд нийцсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилга барихаар төлөвлөсөн билээ.
Л.ЭНХТУУЛ