Иргэдийн төлөөлөл өнөөдөр /2023.08.10/ ногдол ашгаа авахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлэв.
Иргэн Г.Хажидмаа:
-Иргэдийн төлөөлөл "Эрдэнэс Тавантолгой" компанийн үйл ажиллагаа, нөхцөлтэй очиж танилцсан. Тэнд бүтээн байгуулалт хийж угаах, баяжуулах үйлдвэрүүдийг шинээр барьж байгуулаад 40-50 хувьтай барилгын ажил нь үргэлжилж байна. Биднийг ногдол ашиг шаардаад эхлэхээр хэн нэгэн хүн занаж, айлган сүрдүүлж байна. УИХ-ын нэр бүхий гишүүдээс дарамт ирж, цагдаагаас дуудуулж байна. Тиймээс бид энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүсч байна.
Ерөнхийлөгч болон МАН анх төр барьж эхлэхдээ мөрийн хөтөлбөртөө баялагтаа эзэн монгол иргэнийг бий болгоно гэсэн. Хэзээ баялагтаа эзэн болох вэ. Ирэх аравдугаар сард "Эрдэнэс Тавантолгой"-н онцгой дэглэм зогсоно. Үүнтэй холбоотойгоор бид урьдчилж ногдол ашгаа шаардаж байна.
Иргэн н.Адьяасүрэн:
-Бид ногдол ашгаа үхэн үхтлээ шаардана. Энэ бол бидний ирээдүйд хэрэгтэй. Стратегийн орд нэртэй газрыг хууль баталж авчихаад ард түмнийг оруулдаггүй, эрх мэдэлтнүүд хувьцааг нь хулгайлж иддэг тогтолцоог бий болголоо. Тийм учраас ард түмэн ногдол ашгаа авах ёстой. Ядаж 51 хувийг ард иргэд, бусдыг нь төр мэддэг болох ёстой. Ийм жишиг тогтоохын тулд тэмцэж байна. Одоо Хятадаас коксожсон нүүрс оруулж ирж турших асуудал яригдаад байна.
Хэнтийгээс гарч ирсэн удирдлагуудаа тэр туршилтаа Хэнтийн вант улсдаа очиж хий. Монголын ард түмний өмнөөс салаавч биш зангидсан хоёр гараа өгье. Монголчууд бүгдээрээ бухимдаж байна гэв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг 2023 оны хоёрдугаар сард цагаан сараас өмнө тараахыг иргэд шаардсан. Гэвч ногдол ашиг өгөх нь эдийн засгийн өгөөжгүй талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн юм. Тэрбээр, “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсанаас хойш 2019 он хүртэл тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн. Харин 2020 онд анх удаа ашигтай ажиллаж, нэг иргэнд ногдол ашиг болгож 96 мянган төгрөг олгосон. 2021-2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК томоохон төслүүдийг эхлүүлсэн.
Бэлэн мөнгө тарааснаар инфляци өсөх, бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө их. Тиймээс Засгийн газар ногдол ашгийг багахан мөнгөн дүнгээр давтамжтай өгөхөөс татгалзаж байгаа.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас ч мөн зөвлөсөн. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК 500 гаруй тэрбум төгрөгийн бонд босгосон өртэй, мөн төмөр замын төслийг хэрэгжүүлсэн санхүүжилт төлбөрийн өр байж байгаа. Эдгээр өрийг төлж барагдуулахгүй тохиолдолд ирэх жилээс эхлэн дахин алдагдалтай ажиллах эрсдэлтэй. Тиймээс Засгийн газар болон Эдийн засаг хөгжлийн яамнаас эдгээр өр төлбөрийг эхний ээлжид төлөх нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр цаашид ард иргэдийн хувьцааг үнэ цэнтэй болгох боломжтой.
Тухайлбал, 2021 оны ашиг 190 гаруй тэрбум төгрөг байсан. Үүнийг иргэдэд хувааж үзэхээр нэг хүнд 15 мянган төгрөг, 2022 онд 110 гаруй тэрбум төгрөг ногдол ашиг нэг хүнд оногдох тооцоолол гарсан.
Тэгэхээр энэ ашгийг иргэдэд тараах нь зөв биш. Тараасан тохиолдол эсрэгээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орно” гэдэг хариултыг өгч байв.
Холбоотой мэдээ