Оросыг дэмжсэн, хүний эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр АНУ, Канад улсууд Беларусийн хэд хэдэн аж ахуйн нэгж, хувь хүнд хориг арга хэмжээ авах болсноо өчигдөр /2023.08.09/ зарлав.
Беларусийн засгийн газрыг санхүүжүүлсэн гэх найман хувь хүн, таван аж ахуйн нэгж үүнд багтаж байна. "Энэхүү хориг арга хэмжээ нь иргэний нийгмийг хэлмэгдүүлж байсан Беларусийн дэглэм, Оросын Украин дахь үндэслэлгүй дайнд оролцогчид, Александр Лукашенког баяжуулж байсан хэд хэдэн байгууллагад чиглэнэ" гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдэв. Эдгээрт төрийн өмчит гурван аж ахуйн нэгж, тэдгээрийн нэгнийх нь захирал, охин компани багтана. Мөн Беларусийн засгийн газрын дөрвөн албан тушаалтан, хориг арга хэмжээнээс зайлсхийхэд тусалсан гурван хүн багтжээ.
Харин Канад улсын хувьд засгийн газрын албан тушаалтан, шүүгч, Беларусийн төрийн телевизийн захирал, Батлан хамгаалахын сайд тэргүүтэй есөн хувь хүн болон цэргийн үйлдвэрлэл, технологийн долоон компанид хориг арга хэмжээ авах болжээ.
Беларусийн 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Александр Лукашенког хууран мэхлэх замаар ялсан гэж шүүмжлэгсэд гарч ирсэн. Барууныхан өөрийг нь унагахыг оролдож байна гэж Лукашенко удаа дараа буруутгаж байв. Хэлмэгдүүлэлт болон сонгуулийн будлиантай холбоотойгоор барууны орнууд олон жил Беларусьд хориг арга хэмжээ авч байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ