Нэгдсэн Үндэсний Байгууллага/НҮБ/-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төслийг Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Мандал сумд хэрэгжүүлж буй аж. Уг төслийн хүрээнд “Таримлын арчилгаа, ургамал хамгаалал”-ын талаар сургалт зохион байгуулжээ.
Сургалтад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ногоочин Ш.Оюунчимэг хамрагдаж, STREAM төслийн хүрээнд буурцагт ургамал тариалахад суралцаж, энэ жил анх удаа вандуй, шошийг өөрийн талбайд тариалсан нь амжилттай ургаж буй юм байна.
STREAM төсөл нь Монгол Улсад тулгамдаж буй хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэжээ. Тус төслийн хүрээнд орон нутгийн түвшинд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт ба газрын доройтолттой тэмцэж ажиллах юм.
Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Мандал сум, Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Өмнөдэлгэр сумдад 2021 оноос 2024 он хүртэл 3 жилийн хугацаанд дээрх төсөл хэрэгжинэ. Уг төслийг Европын холбоо, Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилттэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа аж.
Л.ЭНХТУУЛ