АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг Юта мужид айлчлахын өмнө нэгэн эрэгтэй айлган сүрдүүлсэн хэрэг гарсан. Тухайн эрэгтэйг Холбооны мөрдөх товчооны тусгай ажилтнууд өчигдөр /2023.08.09/ буудан хороожээ. Баривчлах ажиллагааны үеэр тусгай ажилтнууд руу буу шагайсан тул түүнийг буудах тушаал өгсөн байна.
Крэйг Робертсон нэртэй эрэгтэйг ерөнхийлөгчийн эсрэг заналхийлсэн, холбооны хууль сахиулагчдад заналхийллээр нөлөөлж, саад учруулсан зэрэг гурван хэрэгт буруутгасан байсан. Мөрдөгчдийн мэдэгдсэнээр тэрбээр мэргэн буудагчийн буу болон өөр хэд хэдэн галт зэвсэг эзэмшдэг аж.
Лхагва гаригийн орой Байдены айлчлалын өмнөхөн тэрбээр цахим сүлжээндээ "Байден Ютад ирж байгааг дууллаа. Хуучин өнгөлөн далдлах хувцсаа гаргаж, М24 бууныхаа шороо тоосыг цэвэрлэе. Тавтай морил ерөнхийлөгч өө" гэж бичжээ. Харин Даваа гаригт "Холбооны мөрдөх товчооныхон, та нар миний цахим сүлжээг хянасаар л байна уу? Та нарыг дахиад хүрээд ирэх вий гэж бодоод би буугаа цэнэгтэй байлгаж байна" гэж нийтэлсэн.
Үүнээс хэдэн сарын өмнө тэр Дональд Трампад хэрэг үүсгэсэн прокурорууд болон Ардчилсан намынхныг цахим сүлжээгээр заналхийлж байв. "Ерөнхий прокурор Мерик Гарландыг устгах хэрэгсэл" гэсэн тайлбар бүхий хагас автомат гар бууны зураг, түүнийг хөнөөх мөрөөдлөө цахим сүлжээнд тэр бичсэн аж. Цаашилбал, дэд ерөнхийлөгч Камала Харрис, Нью-Йорк мужийн прокурор Летита Жэймс, Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом зэрэг хүнийг заналхийлж байжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ