Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд, намын гишүүд дэмжигчид нь өнөөдөр /2023.08.10/ Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцруулах шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЛХАГВАДОРЖ:
-Нийслэлд орж буй борооны улмаас үерийн эрсдэл үүсч, олон иргэн, аж ахуй нэгж хохирсон. Үүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хариуцлага хүлээж огцрох ёстой. Бид нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө, сөрөг хүчний хувьд эсэргүүцлээ илэрхийлж байна.
Өнөөдөр өгч байгаа шаардлагад 72 цагийн дотор хариу өгч, холбогдох хүмүүст хариуцлага тооцохгүй тохиолдолд АН тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэж байна.
Шаардлагыг уншиж танилцуулбал,
Өнгөрсөн долдугаар сараас эхлэн орсон аадар бороо нийслэлийн дүүргийн 140 гаруй барилга байгууламжийг үерт автуулан оршин суугчдын амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулаад байсан ч холбогдох холбогдох албан тушаалтнууд өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлах төдийхнөөр аргацааж, дорвитой арга хэмжээ авахгүйгээр өдийг хүрлээ. Гэтэл төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй суурьшлын бүсүүдэд үүссэн гамшиг нь наймдугаар сарын 5-ны өдөр дахин давтагдаж, олон аж ахуй нэгж, иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирч, эцэст нь дөрвөн хүн амь насаараа хохирч нөхөж баршгүй гарз тохиов.
Өнөөдөр эрх мэдэл албан тушаалтайгаа зууралдсан хариуцлагагүй албан хаагчид, авлигад идэгдсэн төр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах, эрхэд ноцтой хохирол учруулж болдгийг бид нүдээр харлаа.
Нийслэлийн Засаг дарга нь эрсдэлийн үнэлгээг хийлгэн шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар шуурхай хангаж, гамшгийн нөхцөл байдалд хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудад мэдээлэх, мөн эдгээр байгууллагуудаас дэмжлэг туслалцаа авч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн бол дөрвөн хүн амиа алдахгүй байх байлаа. Тиймээс цаашид нийслэлчүүд бид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хариуцлагагүй албан тушаалтнуудын гарт даатгаад байх боломжгүй байна.
Иймд Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хоёр шаардлага хүргүүлж байна. Үүнд:
- Нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засаг, хүн амын амьдралын нөхцөл байдалд хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн хотын захирагч өөрөө хариуцлагаа хүлээж, өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байна. Хэрэв гурав хоногийн дотор арга хэмжээ авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна.
- Үер усны гамшигт нэрвэгдсэн иргэдийн хохирлыг тооцооллыг яаралтай гаргаж, барагдуулж өгөхийг шаардаж байна гэдгийг хүргүүлж байна.
Шаардлагыг бид холбогдох хүнд нь гардуулж өгөхийг хүссэн боловч гадуур ажилтай гэх шалтгаанаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга И.Баатархүүд хүлээлгэж өглөө.
Холбоотой мэдээ