Өмнөд Солонгос улсыг өнөөдөр /2023.08.10/ далайн хар шуурга дайрч өнгөрч байгаагаас өмнөд хэсгийн нутгаар хүчтэй аадар орж байна. Тус улсын цаг уурын албанаас мэдээлэхдээ, Ханун далайн шуурга цагт 126 км/цагийн хурдаар Тунён боомтыг дайран өнгөрч байгааг анхааруулжээ. Шуурганы хүч маргааш үүрээр бага зэрэг суларч Хойд Солонгосыг дайрах төлөвтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж, шуурганы бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг шаардсан байна. Тус улсад өнгөрсөн сард төв болон өмнөд хэсгээр их хэмжээний бороо орсноос үерийн гамшиг болж 47 хүн амь үрэгдсэн учраас гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг сайн авч хэрэгжүүлэх нь чухал болохыг онцолжээ.
Далайн шуурга өчигдөр өмнөд хэсгийн Чежү арал болон өмнөд хэсгийн Чанвон хотыг дайран өнгөрөхөд 30 см хур тунадас орсон байна. Гамшгийн бүсээс өнөө өглөө гэхэд 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд мэдээлжээ.
Түүнчлэн 340 орчим нислэгийг цуцалж, 400 орчим автозамыг хааж, 60 орчим завь, усан онгоцыг далайд гарахыг хориглосон гэв. Мөн сургууль, цэцэрлэгийг шуурганы үеэр хаахыг үүрэг болгож, эргийн газруудад хүчтэй давалгаа, уулархаг нутгаар хөрсний нуралтаас сэрэмжлүүлсэн байна.
Ханун далайн шуурга Өмнөд Солонгост ирэхийнхээ өмнө Японы өмнөд хэсгийн дайрч, Кагошима мужид 12 мянга орчим өрх гэрэл цахилгаангүй болжээ. Түүнчлэн долоон хүн салхинд хийссэн зүйлд цохиулснаас гэмтсэн байна.
эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ