Москвагийн зүүн хойд хэсэгт орших үйлдвэрт Лхагва гариг/2023.08.09/-т болсон дэлбэрэлтээр дор хаяж 60 хүн амиа алдаж, найман хүн сураггүй байгааг "Tass" агентлаг мэдээллээ. Тодруулбал, энэ нь Сергиев Посад хот дахь Загорскийн оптик механикийн үйлдвэр юм. Тус үйлдвэр нь Оросын цэрэг арми, хууль хүчний агентлагууд, аж үйлдвэр, эрүүл мэндийн салбарынханд зориулсан оптик болон оптоэлектроник төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж, хөгжүүлдэг. Үйлдвэрийн талбайд гуравдагч компанийн түрээсэлсэн пиротехникийн агуулахын байранд дэлбэрэлт болжээ.
Аврах багийнхан Лхагва гаригийн үдээс хойшоос эхлэн ослын газарт ажилласаар байна. Нуранги дор одоо ч хүмүүс байгаа бөгөөд цэвэрлэхэд ойролцоогоор 12 цаг шаардагдах аж.
Загорскийн оптик механикийн үйлдвэр өмнө нь зэвсгийн үйлдвэр байжээ.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо эрүүгийн хэрэг үүсгэн ослыг шалгаж байна. Хорооны төлөөлөгчийн мэдэгдсэнээр үйлдвэр нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртсөн ул мөр байхгүй гэв. "Дэлбэрэлт маш хүчтэй байсан. Одоо шуурхай албаныхан шалгаж, ажиллаж байна. Сэтгүүлчид өнөөх л уламжлалт асуултаа асуусаар байна, дэлбэрэлт дээрээсээ байсан уу, дотроосоо байсан уу гээд. Үүнийг мэргэжлийн хүмүүс л тодорхойлно, би хэлж чадахгүй" гэж Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч мэдэгджээ.
Үйлдвэр байрлах Сергиев Посад хот нь Оросын үнэн алдартны сүмүүдтэй эртний хотуудын нэг хэсэг юм. Хотын гол сүм болон эргэн тойрны барилгууд нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй байдаг.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ