Нийтийн албанд нийтийн болон, хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 19-нд УИХ-аар баталсан байдаг. Өнгөрсөн хугацаанд нийт 17 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан тус хуульд хамгийн сүүлд 2023 оны долдугаар сарын 07-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Энэ удаагийн "Хууль төрсний дараа" булангаараа тус хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн гол ач холбогдлыг тодотгон хүргэхийг зорилоо.
Хуулийн зорилго нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино хэмээн хуульчилжээ.
Төрийн албаны нэр хүнд шалдаа буусан энэ үед тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь нийгмийн зүгээс ирсэн шахалт бас шаардлага байсан. Өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр дээд албан тушаалтнаас авахуулаад дунд, доод шатны алба хашдаг хэн бүхэн хээл хахуульд автах, ахан дүүс, амраг садан, аав, ээж, үр хүүхэд, найз нөхөд, танил талаа шургаж болох бүхий л төрийн нүх сүвэнд шургуулж төрийн албыг төрлийн алба болгосонтой ч холбоотой. Цаашилбал, төрийн гэх тодотголтой сан бүрийг өөрийн хамаарал бүхий этгээд, танил талаараа дамжуулж тонон дээрэмдэх, үгсэн хуйвалдаж үрэн таран хийсэн нь ч нөлөөлсөн. Түүгээр ч зогсохгүй тендер бүрт тэднийхээ компани, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж төрийн мөнгө уйлдаггүй гэдгийг бүрэн утгаар нь харуулсан. Бүр байтлаа ЖДҮДС-ийн хулгай, нүүрсний хулгай болтлоо томорч төмөр замын хурган даргын гэрээс тэрбум, тэрбумаар тоологдох мөнгө гарч ирэх нь хэвийн үзэгдэл болсон.
Төрийн албыг төрлийн алба болгосон жишээг дурдвал аалзны тор мэт хэрнэ. Ард түмний мөнгөөр авлигачид төлжиж, хөлжиж байгааг эсэргүүцсэн иргэдийн уур бухимдал туйлдаа хүрэхэд Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар хулгайчид, авлигачидтай нам харгалзахгүй тэмцэнэ гэдгээ УИХ-ын чуулганы индэр дээрээс зарлан тунхагласан. Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн гол ач холбогдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид саяхан Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийлээ. Сонгуулийн хуулиа баталлаа. Улс төрийн намын тухай хуулиа батлах гэж байна. Энэ бүгд юуг харуулж байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд авлига, хулгай Монголын хуулийг чөдөрлөж байна. Тэгэхээр энэ бол нэг намын асуудал биш учраас дээрээсээ эхэлж хуулиа чангатгая. Бусдад шаардлага тавьдаг байхын тулд өөрсдөө нэгэндээ шаардлага тавьдаг байя. Тэр тусам төрийн өндөр албан тушаалтнуудад тавьж буй шаардлагыг илүү чангаруулъя” гэж УИХ-ын чуулган дээр тодотгосон.
Ам ажлаа алд дэлэм зөрүүлэхгүйн тулд өнгөрсөн хаврын чуулганыг “авлигын эсрэг” чуулган байх болно хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэж, хаврын чуулганаар хэлэлцэх олон чухал хуулиудын нэг нь Нийтийн албанд нийтийн болон, хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль байх болно гэдгийг цохон тэмдэглэж байв. Тийм учраас тус хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжиж наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 07-нд баталсан юм.
Уг хуульд орж буй гол өөрчлөлт нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд, аймаг, нийслэлийн засаг дарга нар гэсэн төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан өөрчлөлт. Ойролцоогоор 100 гаруй албан тушаалтан хоёр чиглэлээр зохицуулалт хийгдэж байгаа гэдгийг хууль санаачилагчид тодотгож байв. Тэдний хэлсэн үг хуульд хэрхэн биелснийг сөхөж үзвэл,
Нийтийн албанд нийтийн болон, хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэжээ. Тэгвэл Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд
4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;
4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;
4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;
4.1.4.олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;
4.1.5.улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;
4.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;
4.1.7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;
4.1.8.эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан;
4.1.9.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн уг хуулийн хязгаарлалтад орохоор тусгасан байна.
Нэгдүгээрт, дээрх төрлийн албан тушаалтнууд болоод тэдгээрийн гэр бүл болох эхнэр, нөхөр, хүүхдүүд нь төрөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, тендер, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж болохгүй.
Хоёрдугаар тухайн албан тушаалтнуудын гэр бүлийн дээр дурдсан хүмүүс төрийн тэргүүн түшмэлийн албан тушаалд томилогдохгүй байх заалт бий. Үүнийг ялгаж, салгаж ойлгоах ёстой. Бүх төрлийн удирдах албан тушаал гэж ойлгож болохгүй. Тодорхой хэлбэл, яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар гэсэн албан тушаалд томилогдох боломжгүй болж байна гэсэн үг. Үүнийг зөрчвөл хариулцлага хүлээх үндэслэл болно гэсэн заалт орж ирж байгаа юм. Мөн нөлөө бүхий компанийнхаа хувьцаа эзэмшигч байгаа тохиолдолд мөн зөрчилд тооцогдоно гэдгийг хэлж байв. Цаашилбал, тухайн албан тушаалтан нөлөө бүхий компанийн хувьцаа эзэмшигч бол аливаа худалдан авалт, тендерт тэр компани нь оролцож боломжгүй болно. Энэ нь гэр бүлийн гишүүдэд ч хамаатай. Өөрөөр хэлбэл тухайн компани, аж ахуйн нэгжийн эцсийн өмчлөгчийг нь бүр өргөтгөж нөлөө бүхий этгээд нь төрийн өндөр албан тушаал хашиж байвал худалдан авах ажиллагаанд оролцож, тендер авах боломж уг хуулиар хаагдаж байна гэсэн юм. Тиймээс хуульд тусгагдсан зарим хориглолт, хязгаарлалтыг дор танилцуулж байна.
101дүгээр зүйл.Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт
101.1.Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглоно.
101.2.Холбогдох хуулиар тогтоосон болзол, шалгуурын дагуу сонгогддог, эсхүл сонгуулийн үр дүнд томилогддог албан тушаалд нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд нэр дэвшихэд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдүүлэх үүрэгтэй.
101.3.Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
101.4.Энэ хуулийн 101.2 дахь хэсэгт заасан нэр дэвшигч албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон тохиолдолд тухайн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол 3 сарын дотор дараахь арга хэмжээг авч, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ:
101.4.1.нээлгэсэн банкны дансаа хаалгах;
101.4.2.банканд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах;
101.4.3.хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах;
101.4.4.хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох.
101.5.Албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн улсын банканд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөхөд энэ хуулийн 101.1 дэх хэсэг хамаарахгүй. Хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор тухайн улсын банканд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэнэ.
101.6.Энэ хуулийн 101.2, 101.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсч болзошгүйд тооцох үндэслэл болохгүй.
101.7.Энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь албан тушаалтныг эгүүлэн татах үндэслэл болно.
11 дүгээр зүйл.Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт
11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
11.2.Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
11.3.Албан тушаалтан тухайн албан тушаалд сонгогдох, томилогдохоосоо өмнө аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан бол нийтийн албанд орсон, эсхүл тухайн аж ахуйн нэгжтэй иргэний эрх зүйн аливаа харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдох захиргааны шийдвэр гаргахыг хориглоно.
11.4.Энэ хуулийн 11.3-т заасан захиргааны шийдвэр гаргах хязгаарлалт нь төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан албан тушаалтанд хамаарахгүй.
20 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт
20.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг, танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн тэргүүн дэд, дэд дарга, орлогч дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй.
20.3.Энэ хуулийн 20.2-т заасан албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд энэ зүйлд заасан үүргийг нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд мөн биелүүлнэ.
20.4.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, хяналт, захиргаанд ажилладаг албан тушаалтан тухайн хуулийн этгээдэд нийлүүлэх төрийн болон орон нутгийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалгын нийлүүлэгчээс ашиг авахыг хориглоно.
20.5.Албан тушаалтан нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төрийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, улсын болон орон нутгийн нөөцийн хуваарилалт, удирдах, хянах, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлаар шийдвэр гаргаж байсан аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч болох, тус аж ахуйн нэгжээс хөрөнгө шилжүүлж авахыг хориглоно.
АТГ-т 2022 онд 1520 авлига, албан тушаалын гэмт хэрэг шалгагдсаны 1011 нь төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг байсан бөгөөд үүнд 1184 албан тушаалтан холбогдсон байна. Тус байгууллагад 2022 онд нийтдээ 653 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсний 112 нь албаны эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн, хуульд нийцээгүй шийдэр гаргаж бусдад давуу байдал олгосон гэх агуулгатай байжээ. Тэгвэл Нийтийн албанд нийтийн болон, хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төр, бизнесийн зохиост харилцааг бий болгоно гэдгийг онцолж байсан юм.Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтнуудаас хувийн бизнесийг хамгаалж байгаа юм. Төрийн өндөр албан тушаал хаших гэж байгаа хүмүүс хуулийн олон хязгаарлалт, хоригуудтай нүүр тулах уу, эсвэл хувийн бизнесээ хийх үү гэдэг сонголттой нүүр тулах болж байгаа юм. Төрд орсноор өөрийн болоод хамаарал бүхий этгээдүүнтэй хувийн бизнесийг хөгжүүлж, цэцэглүүлдэг биш төрд ажиллаж байгаагийнхаа хувьд олон саад, хоригтой нүүр тулж албан тушаалын хариуцлгага, шаардлагыг илүү тодорхой болгож өгсөн хэмээн томьёолж байгаа юм. Хуулийн нэмэлт, өөрчлөлт хэр бодитой, үр дүнтэй байхыг хэсэг хугацааны дараа харах л үлдлээ. Өмнө нь ямар ч хамаагү аргаар төрд ажиллачихвал, том албан тушаалд оччихвол хувийн амьдрал болоод бизнес нь хөлждөг, баяждаг байсан цаг ард үлдэх нь…