Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалыг агуулга талаас нь:
1. Эдийн засгийн
2. Улс төрийн ач холбогдолтой гэж дүгнэж болно. Энэ удаад эдийн засгийн ач холбогдлыг нь тоймлон хүргэж байна.
Газарзүйн байрлалын хувьд Монгол нь далайд гарцгүй, Орос, Хятад гэх хоёр авторитори дэглэмтэй их гүрний дунд оршдог буфер орон юм. Гэсэн хэдий ч оюун санааны хувьд нээлттэй, гадаад харилцаандаа олон тулгуурт бодлого хэрэгжүүлдэг, төвийг сахисан ардчилсан улс. Газарзүйн байрлалын сул талаа давуу тал болгон хөгжүүлж чадах боломж энэ цаг үед тохиож байна. Бид хоёр хөрштэйгөө эн тэнцүү, гуравдагч орнуудтай эн дүйцэхүйц харилцаатай. Ялангуяа АНУ нь Монголын гуравдагч хөршийн бодлогод чухал байр суурь эзэлдэг, үнэт зүйл нэгтэй стратегийн гол түнш билээ.
Дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгийг, цэргийн зардлын гуравны нэгийг /өнгөрсөн 2022 онд цэргийн зардал нь нийтдээ 877 тэрбум ам.доллар болсон/ бүрдүүлдэг, АНУ-тай хийх гадаад худалдаа Монголын эдийн засагт жин дардаггүй. Өнгөрсөн 2022 онд гэхэд АНУ-тай ердөө 276 сая ам.долларын худалдаа хийсний 9.9 сая ам.доллар нь экспорт, 266.1 сая ам.доллар нь импортод ногдож буй.
Атал Монгол Улсын нийт гадаад худалдааны үзүүлэлтийг харахад БНХАУ-тай хийсэн худалдаа 64 хувийг, ОХУ-тай хийсэн худалдаа 12.7 хувийг эзэлж байна.
Эдийн засгийн үзүүлэлтээр АНУ-ын араас хурдацтай нэхэж яваа урд хөрш, Хятадаас Монгол экспорт, импортын 90 хувийн хамааралтай, тэр тусмаа экспорт нь Өвөрмонголын Баяннуур аймгийн засаг ноёноос, импорт нь Эрээн хошууны түшмэлийн үзэмжээр шийдэгдэж ирсэн. Тэгвэл Монголын шатахууны 90 хувийг, эрчим хүчний 20 хувийг Оросоос нийлүүлдэг. Хоёр хөршийн энэхүү хамаарлыг багасгахаар эдийн засгийн хувьд Л.Оюун-Эрдэнэ нээлттэй, ардчилсан бодлого баримтлах болсон билээ. Тэрбээр зургадугаар сарын сүүлээр Таньжины “Зуны Давост” оролцохдоо 8+1 асуудал хэлэлцсэний дотор транзит тээвэр болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа багтсан. Үүнээс нэг сарын дараа АНУ-д хийсэн түүний анхны айлчлал мөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилд АНУ-Монгол хоёрын ардчилал дээр суурилсан харилцаа эдийн засгаар улам баталгаажиж байна. Цагаан ордонд АНУ-ын дэд ерөнхийлөгч хатагтай К.Харрис, Төрийн департаментад Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзахдаа хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа+стратегийн түншлэлийг ахиулах АНУ-Монголын замын зураглалаа “зурлаа”. Замын зураглал гэдэг нь энгийнээр хэлбэл, ийм замаар тэгж явна гэсэн төлөвлөгөөгөө баталж байна л гэсэн үг.
НОГООН ЭРЧИМ ХҮЧ ба ХОВОР ЭЛЕМЕНТ
Айлчлалаар АНУ-Монгол ардчиллын үнэт зүйл дээр суурилж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, эрдэс баялаг, цахим хөгжил, аялал жуулчлал, боловсролын чиглэлд хамтран ажиллахаар ярилцаж, тохиров.
Эрчим хүчний эрх чөлөөг олж авах нь үндсэндээ Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол амин сүнс нь.
Тэр утгаараа Таньжинд ч, Вашигтонд энэ чиглэлийн яриа, тохироо өрнөсөн билээ.
Өнгөрсөн онд АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний хэмжээ нүүрсний эрчим хүчний үйлдвэрээс давсан агаад хоёр дахь гол эх үүсвэр болтлоо хөгжжээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг ОХУ, Хятадаас авдаг. Өнгөрсөн 30 жилд эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх төслийг манай “эх орончид” эсэргүүцсээр ирсэн, эцэст нь эрчим хүчээ арай ядан аргалах хэмжээнд оччихоод байгаа нь хэтрүүлэг биш билээ. Цаашдаа Б.Чойжилсүрэнгийн аргалаад өнгөрөх асуудал биш болохыг, нэг л өдөр улсаараа таг харанхуйд “живэх” эрсдэл хэдийнэ нүүрлэснийг монголчууд нүдээрээ харсан. Тиймээс Вашигтонд ярьснаа Улаанбаатарт хэрэгжүүлэх нь монголчууд биднээс шалтгаална.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) нь Монголын эрчим хүчний засаглалыг сайжруулах таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж буй юм.
Цагаан ордны зүгээс 2050 он гэхэд цэвэр эрчим хүчинд бүрэн шилжихээ зарласан.
Тэгвэл Монгол Улсын эрчим хүчний 18 хувийг сэргээгдэх эрчим хүч эзлэж байна. Салбарын мэдээллийг нь шүүвэл 2013 оноос хойш буюу сүүлийн 10 жилд сэргээгдэх эрчим хүчний, тэр дундаа нар болон салхины 245 МВт-ын хүчин чадалтай есөн станц барьсан, тэдгээр СЦС нь системийн оргил ачааллаас хуваалцаж иржээ. Ерөнхийдөө Монголын сэргээгдэх эрчим хүч хувийн хэвшлийнхний нуруун дээр явж байгаа. Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдаж чадвал баруун таван аймаг Оросоос гал гуйхаа болино. Чадвал гэдгийн учир нь, айлын эрх ашгийг эх орныхоо эрх ашгаас илүүд тавьдаг “эх орончид” экс Ерөнхийлөгчөөсөө эхлээд элчин сайд, дипломатуудаар үргэлжилж, гудамжны жагсагчид, төрийн бусынхнаар нэмэгдэнэ. Монголын эрчим хүчний хомсдлоос илүү Оросын Байгаль далайд санаа нь зовдог жанжин Сүхийн зээ нарыг ч мөн энд нэрлэж болно.
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх өөр нэг боломж нь цэнэг хуримтлуурын станц барих гэнэ. Ингэснээр эрчим хүчний оргил ачааллын үед ОХУ-аас импортлох эрчим хүчний хэмжээ буурах боломжтой аж.
OPEN SKY & WELCOME TO MONGOLIA
Энэ зун Өмнөд Солонгосын жуулчдын хөлд Монгол дарагдсан. Үүний хамгийн гол шалтгаан нь Өмнөд Солонгосын иргэд визгүй зорчих болсон явдал. Тиймээс Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэгийн тоо нэмэгдэж, үнэ нь хямдарчээ. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалаар АНУ-Монголд шууд нислэг үйлдэхээр тохирсон билээ.
Монголчууд аль нэг улсыг дамжин хамгийн багадаа 20 цаг нисч хүрнэ гэдэг бас л чанга “даваа”. Харин ирэх 2024 оноос хоёр улсын хоорондын шууд нислэгээр хугацаа хоёр дахин багасч, тийзний үнэ 50 хувь буурах аж. “МИАТ” компанийн гүйцэтгэх захирлын хувьд зардлаа өлхөн олчихно гэдэгт итгэлтэй байна лээ.
Жилдээ 60 мянган монгол АНУ руу зорчдог гэсэн. Мөнгөн урсгал нь 41 сая ам.доллар.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр АНУ-Монголын хооронд шууд нислэг үйлддэг болохоор нутагтаа очно гэсэн хүмүүс цөөнгүй. Дашрамд сонирхуулахад, Америкт амьдардаг олон монгол эрт илрүүлэгтээ ирж хамрагдах болсон талаар танил эмч хуучилсан. АНУ-д эмнэлгийн үйлчилгээ өндөр тул Монголд ирж, эрт илрүүлэгтээ хамрагдах нь тэдэнд эдийн засгийн хувьд асар том хэмнэлт болдог ч байж мэднэ.
Хоёр улсын хооронд тэнгэрийн зам нээгдсэнээр аялал жуучлалд ч тодорхой хувь нэмрийг оруулах биз. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар АНУ-аас 8777 жуулчин Монголд ирсэн, энэ нь өмнөх оныхоос 24 хувиар өссөн үзүүлэлт болохыг БОАЖЯ-ны албан мэдээлэлд дурджээ. Аялал жуучлалаас гадна АНУ-ын хөрөнгө оруулалтыг татахад ч шууд нислэг дам нөлөөлөх нь мэдээж. Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын ердөө 3.5 хувийг АНУ эзлэж байна. Америкийн бизнесменүүд Монголын уул уурхайгаас гадна сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг аж. Айчлалын хүрээнд ямар байсан ч критикал минерал, газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр хамтрахаар тохирсон юм. “Financial Times”-т Монголын Ерөнхий сайдын айлчлалыг дүгнэж бичсэнийг товчилбол, “Монгол Улс зэс, уран, газрын ховор элементийн нөөц арвинтай. Тиймээс тус улсад асар их боломж байна. Эдгээр ашигт малтмалын эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээлд ойрын арван жилд асар ихээр нэмэгдэнэ”. Монгол Улсын газрын ховор элементийн батлагдсан нөөц 2.2 сая тонн. Энэ нь Америктай харьцуулахад дүйж очихуйц хэмжээ аж. Халзан бүргэдэйн орд ховор элементын нөөцөөрөө дэлхийд томдоо тооцогдож буй бол Оюутолгой зэсийн дөрөв дэх том орд гэгддэг. Ураны нөөцөөрөө Монгол эхний арван улсад багтдаг гээд дэлхий биднийг “тойрон эргэлдэж”, их гүрнүүд тойглох болсон шалтгааны нэг энэ ч байх.
Одоогоор дэлхий дахинд аль ч улс шинжлэх ухааны судалгаа, технологийн инновацийн хөгжлөөрөө АНУ-ын өмнө “гишгээгүй” байгаа. Тэгэхээр лавтайяа дахиад зуун жил АНУ энэ чиглэлээр, эдийн засгаараа дэлхийн супер гүрэн хэвээр байх бизээ. Хоёр улс технологи, инновацийн салбарт хамтрахаар тохирсон. Жишээ нь, ”Google компанийн зүгээс уoutube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх, кибер аюулгүй байдал, дата аналитикс, төслийн менежмент, цахим худалдаа, маркетинг, IT инженерийн чиглэлээр туслаж дэмжихээ илэрхийлсэн юм.
Хаврын чуулганаар багагүй хэл ам таталж, зарим гишүүдийн эрс эсэргүүцэлтэй тулгарсан ч Боловсролын ерөнхий хуульдаа үндсэн гадаад хэлээр англи хэлийг хуульчилсан нь боловсролд төдийгүй эдийн засгийн хөгжилд оруулсан том хөрөнгө оруулалт юм.
Хатагтай Харрис соёлын солилцоо, түүний дотор Монголд англи хэлний боловсролыг түгээхэд чиглэгдсэн дэмжлэгээ нэмэгдүүлэхээ ч амалсан. Дараагийн гучин жилд дэлхийн хэлээр ярьдаг цоо шинэ үеийнхэн төрж гарах нь дамжиггүй. АНУ гадаад харилцаандаа үнэт зүйлийн бодлого хэрэгжүүлдэг.
Тэдний хандлага, харилцаанаас харахад Монголын эмзэгшиж буй ардчилалыг хамгаалахад эдийн засгийн аргаар дэмжлэг үзүүлье л гэж байна. Мэдээж, тэдэнд ингэх ашиг сонирхол бий ч биз.
Үргэлжлэл бий..
Холбоотой мэдээ