Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэхээр болов

Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэхээр болов

Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэхээр болов

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.09/ болж 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Америкийн Нэгдсэн Улс дахь айлчлалын үр дүнг хэлэлцэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар тус улсад 2023 оны наймдугаар сарын 1-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үр дүнгийн талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлолыг баталгах, хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, АНУ-аас хөрөнгө оруулалт татах, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, шинэ салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэв.

Айлчлалын дүнгээр “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай Хамтарсан мэдэгдэл” гаргасан билээ. Айлчлалын хүрээнд байгуулсан санамж бичиг, шийдвэрлэсэн асуудлуудыг шуурхай ажил хэрэг болгохыг Ерөнхий сайд холбогдох салбарын сайд нарт үүрэг болголоо.

Үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ

Нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт зургаагаас наймдугаар сард болсон үерийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан үерийн гамшигт өртсөн өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулах, холбогдох хууль заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.

Мөн гамшигт нэрвэгдсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн бага хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар үйл ажиллагааг нь дэмжих талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.

Үүнээс гадна болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тэр дундаа үерийн эрсдэлтэй бүсэд газар олгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, цаашид газар олгохыг дүүргийн Газрын алба дангаараа шийдэх биш Геодози зураг зүйн газраас зөвшөөрөл авдаг болох эсэхийг судалж, наймдугаар сарын 11-ний Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгалаа.

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа

Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлсэн. 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж буй.

Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийн суудлыг шийдвэрлэх, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар он дамжин хэрэгжиж байгаа 2023 онд ашиглалтад оруулах боломжтой ч энэ жилийн улсын төсөвт үлдэгдэл болон нэмэлт санхүүжилт тусгагдаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2024 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

Мөн гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй зарим төсөл, арга хэмжээг дүгнэж, гэрээнд заасны дагуу алданги тооцох, шаардлагатай тохиолдолд цуцлах болон холбогдох бусад арга хэмжээ авахыг сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн хэмнэлт бий болгох зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилгын давхрын тоог нэмэгдүүлэх асуудлыг судалж, шаардлагатай бол боловсролын салбарын барилга байгууламжийн стандарт, норм дүрэмд холбогдох өөрчлөлт оруулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт мөн даалгалаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-09 66.181.176.127

Хятад Нүүрсний туршилтийн 177 тэрбумаараа сургууль цэцэрлэг бариачээ

Avatar

Нэргүй 2023-08-09 66.181.181.117

Алтанхуягийн ЗГ их хурдтай байсан, энэ ЗГ-т хурд хэрэгтэй байна. Мөн хэлсэн ярьсанаа хэрэгжүүлдэг баймаар байна, хэлж ярь гэж ард түмэн сонгоогүй, хий бүтээ гэж сонгосон, хэлсэн ярьсан бүхнийг нь овоолвол монгол багтахгүй хог болж гүйцлээ. МАН сонгуулиас хойшх өнгөрсөн хугацаанд юу ч хийсэнгүй, ядахдаа авлигатай тэмцэх нь ашгүй гэтэл хэлж яриад л таг.

Avatar

Нэргүй 2023-08-09 213.87.128.136

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Батмөнх 2023-08-09 202.126.88.177

нэг ангид суух хүүхдийн тоог 30 байх хэрэгтэй хэдэн ээлж байх нь дараагийн асууал. нэг ангид 50.60 хүүхэд чихчихээд 3 ээлжгүй боллоо гээд попроод байх хэрэггүй

Avatar

Зочин 2023-08-09 202.21.107.2

Нэг ангид суух хүүхдийн тоог цөөрүүлж багшийн цалинг нэмэхэд л болоо. Энэ чинь хөрөнгө оруулалт. Хөтөлбөрийн шинэчлэл бол дараагийн дараагийн асуудал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж