“Миний Монголын ард түмэн ингэж амьдрах ёсгүй. Энэ муусайн эрх баригчид яаж дарлаж байна аа” гэхчлэн хашхирч, өвлийн хүйтнээр индэр чирээд Сүхбаатарын талбайд сүгсэлзэцгээдэг “эх оронч”-доос хэн нь ч энэ өдрүүдэд үерийн голомтод очиж, ажилласангүй.
Хэлж, ярьдгаараа бол хүрз, зээтүү хангинуулаад хэзээний Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд очсон байх ёстой хүмүүс шүү дээ.
Тэр бүү хэл МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин УИХ-д сонгогдсон гишүүдээс ч үерийн бүсэд ажиллаж байгаа хүн алга. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хальт үзэгдсэн, Э.Бат-Амгалан гишүүн хандив цуглуулж суугаа сураг дуулдах бол Ж.Чинбүрэн гишүүн наймдугаар сарын 7-нд Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуульд байршиж байгаа Онцгой байдлын түр штабын байранд очиж, иргэдтэй уулзсаныг эс тооцвол хэрэгцээ дууссан гэсэн шиг л хандлага гаргаж байна. Шударгын туйл гэгддэг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг цементен ширэнгэ болгож болохгүй” гэж гүйгээд байдаг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар хаана яваа юм бүү мэд.
Улаанбаатар хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар УИХ-ын хаврын чуулган завсарласнаас хойш сураг тасарсан. Нийслэлд хоёр ч удаагийн гамшиг нүүрлээд байхад яаж ингэж удаан ажиллахгүй сууж чаддаг юм бүү мэд.
Шаварт суусан шарын эзэн хүчтэй гэгчээр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар үерийн бүсэд ажиллаж, үүрэг чиглэл өгч явна.
Баянзүрх дүүргээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-д сонгогдсон төлөөлөгчид нь улстөржөөстэй. Дүүрэгт нь үер буучихсан, иргэд нь орох оронгүй, оочих аягагүй, өмссөн хувцаснаас өөр зүйлгүй лаг шавартайгаа ноцолдож байхад дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нь НИТХ дээрээ салаавч гарган ёс зүйгүй аашилж суугаа. Уг нь тэрбээр 2008 оноос МАН-ын Бага хурлын гишүүн болсноор орон нутгийн сонгуульд өрсөлдөн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болсон бол 2012 онд мөн тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр, 2016, 2020 онд дараалан дүүргээсээ НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байдаг. Түүгээр зогсохгүй 2020 оноос Баянзүрх дүүргийн Засаг даргын албыг давхар хаших болсон. Эрх мэдэл нь байхад Дарь-Эхийн орчмын айлуудыг үерээс хамгаалах даланг босгоогүй, "автомашинаар барилгын хог зөөвөрлөж авч ирж, далан суваг руу асгаад байна" гэж асуудал тавихад нь чихгүй царайлчихаад одоо яаж аашилж буйг нь хараарай. "М.Тулгат аа, чиний тойрог шүү" гэж иргэдээ ялгаварлан гадуурхах. Засаг даргад тойргийнхоо иргэдийг санал өгсөн, өгөөгүйгээр нь ялгаварлах эрх бий билүү. Аль ч хэсэгт нэр дэвшин, сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүд нь тойргийнхоо эрх ашгийн төлөө л ажиллах үүрэг хүлээж байдаг.
Гэтэл УИХ, НИТХ-д сонгогдох болохоор, албан тушаал хаших болохоороо “Би, бид та нарыгаа сайхан амьдруулна. Газрын асуудлыг шийдвэрлэнэ, дэд бүтцийг шийднэ. Сургууль, цэцэрлэг барьж, үерийн далан шуудуу татаж өгнө” гэж тэд ярьдаг, амладаг атлаа үерт автчихаар нь "Чиний тойрог, чи юу ч хийгээгүй", “Яах гэж эрсдэлтэй газар буусан юм бэ. Та нарын буруу шүү дээ” гэцгээн бухаж буй.
Уг нь үер бууж болзошгүй эрсдэлтэй газарт яагаад энэ олноороо суурьшсан бэ гэдэг асуудлыг хөөвөл, тус дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид төдийгүй УИХ-д сонгогдсон гишүүд ч хариуцлага хүлээж мэдэхээр буй. Учир нь, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэрээ гишүүд газрын зөвшөөрлийг гаргаж өгөх амлалт өгч, иргэд ч шийдүүлж авсан талаар ярьж байгаа юм. Харамсалтай нь, үер болонгуут хэлж, ярьснаа мартсан уу, хэргээр шогтож байгаа юу, мэддэг хүнгүй болчихсон.
Нөгөөтэйгүүр, Ганц худгийн задгайд амьдардаг иргэд “Жалга руу барилгын хог машин, машинаар нь зөөвөрлөж авч ирж, хаяад байна. Энэ нь биднийг үерт урсгах аюултай. Арга хэмжээ авч өгөөч” гэх хүсэлтийг 21 дүгээр хороондоо удаа дараа гаргасан байдаг. Харамсалтай нь, хороо нь хүлээн аваагүй. Цаашлаад дүүргийн Засаг даргын Тамгын газар нь ч эл асуудлыг зогсоохын төлөө гар хөлөө хөдөлгөөгүй. Уг нь Цагаан давааны хогийн цэг 10-аад км-ын цаана байршдаг. Төр ийм л дүлий дүмбэ ажилласан. Одоо тэгтэл “Нүү” гэж шаардлага тавихад яваагүй гэцгээн буруутгасаар…
Хэдийгээр албаныхан “Иргэдийн буруу” гэж өөрсдийгөө уснаас хуурай гаргахыг хичээх ч 2016 оноос хойш МАН Засгийн эрх барьсан хугацаагаар хөөж үзэхэд үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлэх талаар дүүрэг, нийслэлээс нь ажил огт хийгээгүйг өнгөрсөн хэд хоногт газрыг бэлдэж буйгаас харж болохоор байгаа.
Эрчим хүч байхгүй, зам байхгүй, нийтийн тээвэр явдаггүй, сургууль, цэцэрлэггүй газар руу хэн очих билээ. “Нүү” гэж шаардах бичиг өгөөд ч очих газар нь одоогийнхоос нь дээрдэх юмгүй нөхцөлд хэн ч явахыг хүсэхгүй.
Гэтэл 2016 оноос хойш хэдэн жил өнгөрөв, бүтэн долоон жилийг ардаа хийсэн байна. Үнэхээр ард түмнээ боддог байсан бол өнөөдөр засч янзалж буй Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Богдын аман дахь 5 га газар руу дэд бүтэц татаж, сургууль, цэцэрлэг барьж болохоор хангалттай хугацаа. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр шинэ суурьшлын бүс байгуулахаас хэд дахин нугалсан хохирол амссаны дараа нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахаар болж, шаардлагатай ажлуудыг хийх жишээний.
Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл 2016 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр үерийн далан барих хөрөнгийг нийслэлийн төсөвт суулгаж өгөх шаардлагатай гэдэг асуудлыг хөндөхөд МАН-ын бүлэг хүлээн авахгүй, унагаадаг байсан.
Ямар том эрсдэлээс ард иргэдээ хамгаалах хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хүссэнийг МАН-ын Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь цээжээ дэлдсэн “эх орончид” нь одоо ч ойлгоогүй л суух шиг.
Жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль болно. Тэр үед л сонгогчид минь эх орны төлөө, та бүгдийн төлөө гэсэн дүр эсгэсэн нэр дэвшигчдэд л хууртаж болохгүй. Хууртвал юу болж хохирч буйг Улаанбаатар хотод өнгөрсөн долдугаар сар, энэ наймдугаар сард болсон үерүүд харуулаад байна.
Г.ХОРОЛ